Хуурамч мэдээлэл тараасан хүнд 10 жил шоронд хорих ял шийтгэл ногдуулах шинэ хуулийн төслийг Малайзын засгийн газраас батлахаар зэхэж байна. Хуурамч мэдээллийн эсрэг хуулийн төслийн хүрээнд худал мэдээлэл тараасан этгээдийг шоронд хорих, аль эсвэл 500 мянга хүртэлх ринггитээр (128,000 доллар) торгох, эсвэл уг хоёр шийтгэлийг хоёуланг нь ногдуулах аж.
Тус хуулийн төслийг Даваа гаригт парламентад өргөн барьсан бөгөөд хэдхэн долоо хоногийн дараа улс орон даяар явагдах сонгуулийн дараа батлагдах юм байна. Уг хуулийн төсөл нь эрх баригчдын зүгээс эсэргүүцэгчдийг дарах гэсэн оролдого хэмээн шүүмжлэгчид дүгнэжээ.
Хуулийн төсөлд “хуурамч мэдээ” гэдэг нь “бүхэлдээ болон хэсэгчилсэн хуурамч мэдээ, мэдээлэл, дата, тайлан” байна хэмээн тодорхойлсон байна. Гэмт этгээд гэдэг нь “хуурамч мэдээллийг агуулсан утга санаа, агуулгыг зохиосон, хэвлэн нийтэлсэн, санал болгосон, түгээж тараасан” хэн бүхнийг хэлнэ гэж тодорхойлжээ.
Блок, олон нийтийн форум, олон нийтийн сүлжээний хаягнууд ч мөн уг хуулийн төсөлд хамаарах гэнэ. Малайзаас гадна болон дотоодод хуурамч мэдээ гаргасан хэн бүхэнд уг хууль хамаарах боловч гадаадын иргэдэд техникийн хувьд ял шийтгэл ногдуулахгүй аж.
Б.Болормаа