Хэзээ ч улстөр сонирхдоггүй нэгэн нам байгуулах хуралд дуудаад байна гээд яаруухан алхахтай тааралдав. Удмаас нь тодорсон нэг бөө ахан дүүс, шавь нараа нийлүүлж нам байгуулах гээд хурдан түргэн ир гэсэн гэнэ. Түүнийг нь сонсоод Улстөрийн намын тухай хуулийн төсөлд байгаа нэгэн хийдэлтэй санаа үүнд ташуур болж байж мэдэх юм гэж бодогдлоо.
Улстөрийн намын тухай 2005 онд батлагдсан хуулийн 4-ийн 2-т \”Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилгоор, түүнчлэн шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно” (http://www.legalinfo.mn/law/details/508) гэсэн заалт байдаг.
Одоо хэлэлцэгдэж байгаа Улстөрийн намын тухай хуулийн төсөлд энэ тухай үг үсэг алга (http://www.president.mn/content/11693). Хуульд хориг байхгүй байна гэдэг нь тийм намыг чөлөөтэй байгуулж болно гэсэн үг. Энэ нь \”14.2. Нам үүсгэн байгуулах хуралд 31-ээс доошгүй гишүүд биечлэн оролцсон байна” гэсэн 31 хүн цуглаад л нэг нам байгуулаад байж болох заалттай нийлэхээрээ ямар үр дагавар дагуулах нь тодорхой.
Сүүлийн үед Улстөрийн намын тухай хуулийн төслийн талаар парламентад суудалтай, суудалгүй намуудын дарга нарбайр сууриа илэрхийлцгээжбайна. Тэдний цэцэрхэл дунд шашинтай холбоотой дээрх зүйл заалтын талаар нэг ч үг алга. Эсвэл тэд энэ талаар дуугарахгүй гэж үгссэн юм болов уу?
Монголд фашист нам байгуулах хэнээтэн байж л байгаа. Цэргийн нам байгуулъя гэвэл гуяа алгадах 31 хүн захаас аван олдоно. Шашны нам байгуулъя гэвэл хар, шар, улаан, будда, христ, бөө, ийм ч эшийг үзүүлэгч, тийм ч шидийг харуулагч гээд хэдэн муу сүсэгтнүүдээ талцуулж хагаралдуулах нөхдүүд мөн ч олон бий. Ингэх хэрэг байна уу, улстөрчид өө? Эсвэл та нарт ингэх нь ашигтай байгаа юм уу? Яагаад бүгдээрээ бүлх залгисан мэт дуугүй байна вэ?
Х.Баттөгс
Эх сурвалж: duuren.mn