Өдгөө Монгол Улсад хамгийн ашигтай бизнесүүдийн нэг нь
шатахуун борлуулах. Хойд хөршөөс бэлэн бүтээгдэхүүн оруулж ирэн зүгээр
худалдаалдаг энэ бизнесийг зөвхөн хэдхэн компани хийдэг бөгөөд чөлөөт,
өрсөлдөөнт зах зээл гэсэн ойлголт байхгүй. Ямартай ч, шатахууны бизнест төр
оролцож, дундаас хувь авдаг гэж байгаа.
Тиймдээ ч, дэлхийн зах зээлийн жишгийг
даган өнгөрсөн жилээс хойш тогтмол буурч байгаа хойд хөршийн шатахууны үнэ
манайд буухгүй байгаа юм. Манайд шатахууны үнэ буух нь борлуулагч компаниуд
болон тэднээс янз бүрийн татвар, татаас аваад сууж байдаг төрийнхөнд ашиггүй.
Иймээс нэр бүхий томоохон албан тушаалтнууд Орост очоод шатахууны үнээ битгий
буулга гэж хэлсэн болов уу. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа \”Роснефть
дээр очоод бензинийхээ үнийг битгий буулга, харин нэмэх хэрэгтэй гэж хэлсэн
нөхөр байна гэсэн. Шалга гэж хэлсэн шалгаагүй.
Ийм байгууллагын даргыг би өөрчлөхгүй яадаг юм
бэ. Агентлагийн даргыг сольж чадахгүй Ерөнхий сайд байж болох уу. Дэлхийн хаана
тийм сайд байна вэ. Ганц дарга сольж чадахгүй хүлүүлсэн юм шиг ажил хийнэ гэж
байхгүй. Үүн дээр би байр сууриа хатуу илэрхийлж байна” хэмээн төр болон шатахуун импортлогч хоёрын хооронд
ямаршуухан бизнесийн харилцаа холбоо тогтож иргэдээ шулдгийг илчилсэн юм.
Юутай
ч, даварсаар даварсаар давгын оронд очно гэгчээр энэ мэт маш олон буруутай
үйлдэл хийж Орост литр нь 1000 төгрөг хүрэхгүй шатахууныг Монголд хоёр нугалж
зарж олон арван тэрбумын ашигтай ажиллаж буй шатахуун импортлогчид ганц нэгхэн
алдаа нь илэрч, торгууль хүлээх болоход эсэргүүцэл үзүүлдэг болжээ. Ганцхан
жишээ татахад, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ 2013 онд \”Магнай Трейд”, \”Жаст-Ойл” компаниудыг үгсэн хуйвалдаж нэг өдөр шатахуун, дизель түлшнийхээ жижиглэнгийн үнээ зэрэгнэмснийг тогтоож, төгрөг, \”Магнай Трейд” компанид 2
тэрбум 368 сая \”Жаст-Ойл” компанид 941 сая төгрөгийн
торгууль тавьсан юм.
Шүүх ч энэ хэргийг нягталж үзээд
оногдуулсан торгуулийг төлөхийг дээрх хоёр компанид үүрэг болгосон юм.
Шатахууны үнийг хэдхэн төгрөгөөр нэмэхэд л ард түмний халааснаас хэдэн зуун
сая, хэдэн арван тэрбум төгрөг гардаг бөгөөд тэр мөнгийг \”Магнай Трейд”,\”Жаст-Ойл” зэрэг компаниуд халаасалдаг юм. Товчхондоо дээрх хоёр компани оногдуулсан
торгуулийн хэмжээний мөнгийг иргэдээс луйварджээ.
Гэсэн ч анхан шатны шүүхийн
шийдвэрийг эсэргүүцэж, шат шатны шүүхэд давж заалдаж хоёр жил луу унжсаны эцэст \”Магнай Трейд”,
\”Жаст-Ойл” компаниуд торгуулийн төлөхөөр болж, өрсөлдөөний
тухай хууль зөрчсөн нь батлагдав. Гэхдээ эцсийн шатны шүүхээс \”Магнай Трейд”,\”Жаст-Ойл” компаниуд нэгдэж, нэг эзэнтэй болсон учир \”Магнай Трейд” компанид нийтдээ 3 тэрбум 110 сая төгрөгийн торгууль тавьжээ.