УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. 2018.01.22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн. Тогтоолыг танилцуулахаар гишүүнд 18 удаа хандсан байдаг. Түүний өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүнд нэхэмжлэлийг нь илгээдэг. Д.Гантулга гишүүн өөрөө, хуралтай, гадаадад томилолттой гэдэг шалтгаанаар прокурорын дуудах хуудсыг хүлээн авдаггүй” гэсэн юм. Мөн энэ асуудал нь эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 31.2.6 зааснаар дуудагдсан сэжигтэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхээс татгалзсан бол баривчилна гэсэн заалтын дагуу АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 22- нд баривчлах санал хүргүүлжээ. Харин Баянзүрх дүүргийн шүүхээс түүнийг баривчлах үндэслэлгүй гэж үзсэн байна. Одоо УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг АТГ, цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа юм.
Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээллээр УИХ-ын гишүүн Д.Гантулга Москва хотод “бүгж” байгаа гэсэн мэдээлэл байна. Тэрээр энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй гишүүдийн хамт ХБНГУ-ыг зургаа хоногийн хугацаатай зорьж, албан томилолтын хугацаа нь дууссан ч эх орондоо ирээгүй байгаа гэнэ. АТГ-аас 3-р сарын 24-ний өдөр Д.Гантулгыг эх орондоо ирэнгүүт нь баривчлах тухай мэдээлэл гарч байсантай холбоотойгоор тэрээр айж балмагдсаны улмаас ийнхүү Шерметьевогийн нисэх онгоцны буудалд үлдсэн гэх мэдээлэл байгаа аж. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Монголд байгаа, гадагшаа ерөөсөө яваагүй гэж мэдээлж байгаа ч холбогдох албаныхан үгүйсгэж байгаа гэнэ. Хэрвээ УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ-аас дуудан тогтоол танилцуулхаар 18 удаа хандхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнд мөрдөн шалгалтын ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан гэсэн хэрэг нэмэгдэж болзошгүй байгаа аж. Ямартай ч түүнийг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхлэх үеэр эх орондоо ирэх болов уу хэмээн олон хүн хүлээж байгаа нь тодорхой болж байгаа юм байна.