АНУ-ын Калифорни муж улсын Сан-Бруно хотод байрлах “YouTube” компанийн төв байранд нэгэн эмэгтэй гал нээн гурван хүнийг буудаж шархдуулсныхаа дараа амиа хорлосон хэрэг гарчээ. Шархадсан хоёр эмэгтэй, нэг эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор шархадсан эрэгтэйн биеийн байдал маш хүнд байгаа юм байна. Цагдаа нар энэ хэргийн талаар “Чухам ямар шалтгааны улмаас ийм халдлага болсон нь хараахан тодорхойгүй байна, хэргийг мөрдөн шалгаж байна. Энэ хэрэг терроризмтой ямар ч холбоогүй” гэж мэдэгдсэн байна. “Google” компанийн эзэмшилд байдаг “YouTube”-ийн төв байранд 1700 орчим хүн ажилладаг ажээ.