Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг Германы иргэн М.Клойбер гэгчээс хувьдаа үнэ бүхий зүйлс авсан байж болзошгүй гэх мэдээлэл гарч байсан. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо, “Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг Германы иргэн М.Клойбер гэгчээс “Бенз” маркийн автомашин, гар утсыг хувьдаа авч байсан. Хэргийг Эрүүгийн цагдаагийн албатай хамтран шалгах ажлыг гүйцэтгэж байсан” хэмээн ярьсан байдаг.
Харин Германы иргэнтэй холбогдох уг хэргийг урьд нь эрх бүхий байгууллагуудаас 2013-2014 онд бүтэн жил дамнуулан шалгаж, Д.Цогтбаатарт холбогдолгүй гэдгийг тогтоож байсан аж. Б.Хурцын ярьсан зүйлийг Д.Цогтбаатар “гүтгэлэг” гэж мэдэгдээд, шүүхэд хандсан юм. Тэгвэл тэдэнд холбогдох шүүх хурал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хаалттай үргэлжилсэн байна. Гэвч Б.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Дахин өмгөөлөгч авах шаардлагатай байна” гэж санал тавьснаар, шүүх хурал ирэх тавдугаар сарын 2-ныг хүртэл хойшилжээ.