НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан эхэллээ. Хурлаар НИТХ-ын хороодын бүтцэд өөрчлөлт оруулах, НИТХ-ын дэгд өөрчлөлт оруула, Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр батлах, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Одоо НИТХ-ын хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Одоогоор 7 хороо байгаа бол цаашид 5 болгон өөрчлөх санал орууллаа. Мөн хороодын 2017 оны ажлын тайланд хороодын ирц ихэнхи тохиолдолд хангалтгүй талаар дурдсан байна. Тухайлбал, Гэр хорооллын хөгжлийн хороо нийт 6 удаа хуралдахад зөвхөн хоёрт нь ирц бүрдсэн. Аз жаргалтай хороо 7 удаа хуралдахад нэг удаа ирц нь 50 хувиас дээш бүрдээгүй байна. Энэ нь нэг төлөөлөгч 2-3 хороонд зэрэг харъяалагддаг нь тэднийг хорооны хуралдаанд оролцох ирцийг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлөх үндэслэл болж байна үзсэн байна.
Тиймээс хороодын бүтцийн өөрчлөлтийн талаар намын бүлэг, төлөөлөгч нараас санал авсан. МАН-ын бүлгийн нийт 27 төлөөлөгч саналаа өгч, дийлэнх олонхи нь хороодын тоог цөөлж 5 болгон холбогдох дэд хороодыг байгуулах асуудалд санал нэгдэж дараах 5 хороо байхаар боловсруулжээ.
• Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо
• Төсөв, санхүү, эдийн засгийн хороо
• Хууль, эрх зүйн хороо
• Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хороо
• Нийгмийн бодлогын хороо
Мөн нэг хороонд харъяалагдах төлөөлөгчийн тоог 15-23 байхаар санал тусгажээ. Хоёр намын бүлэг дэгийн дагуу энэ асуудалд дээр асуулт асууж, санал орууллаа. Саналын хүрээнд АН-ын бүлгээс Гэр хорооллын хөгжлийн хороог хэвээр үлдээх санал оруулсан боловч дэмжигдсэнгүй. Энэ хороог Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хорооны дэд хороо болгохоор шийдвэрлэв.
НИТХ-ын ХМОНХХ