Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Хонгор нутгийн залуучууд энэ оны нэгдүгээр сарын 17-нд Blue sky зочид буудлын хурлын танхимд нэгдсэн чуулганаа хийлээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч залуус 100%-ийн ирцтэйгээр оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нутгийн хөгжилд өөрийн дуу хоолой болон ажиллах тэргүүнээ сонголоо. Түүх өгүүлэхэд одоогоос 13 жилийн өмнө Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Холбоо байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед МУ-ын Төрийн шагналт Д.Сосорбарам, Б.Энхтүвшин, Г.Занданшатар, Н.Батсүмбэрэл,С.Баатарсүрэн Т.Гантогтох нарын эрхмүүд тус байгууллагын анхны шанг татаж байсан гэдэг. Чуулганы өдрийг хүртэл холбооны тэргүүнээр нь ШУТИС-ийн захирал асан, Техник технологийн дээд сургуулийн захирал Д.Ганхуяг, дэд тэргүүнээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Н.Батсүмбэрэл нар ажиллаж байлаа. Харин ээлжит чуулганаар Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгчөөр тус нутгийн уугуул, \”Чингис ньюс\” ХХК-ийн захирал Борын Ганзоригийг санал нэгтэй дэвшүүлэн сонгосон бол Бодлогын Зөвлөлийн даргаар \”Гурванбулаг сод\” ХХК-ийн Ерөнхий захирал улсын Начин Б.Сэр-Од ажиллахаар болжээ. Шинэхэн Ерөнхийлөгч энэ үеэр тамга тэмдгээ хүлээн авч, нэгэн зүгт хамтран ажиллах Хонгор нутгийн залуустаа амжилтыг хүслээ. Түүнчлэн дэд Ерөнхийлөгчөөр Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах мэргэжилтэн н.Нарангэрэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөх Б.Өлзийбат, Нийслэлийн ОСК-ийн мэргэжилтэн Б.Хүрэлмөнх, \”Этэгүн\” их сургуулийн оюутны холбооны тэрүүн н.Дамдинсүрэн нар ажиллах юм. Мөн УЗ-ийн 21 гишүүнийг сум бүрийн төлөөллөөр шинэчлэн сонгож, бүх үеийн залуучуудын төлөөлөлтэй бодлогын зөвлөлтэй болжээ. Ийнхүү \”Хөгжлөөр тэргүүлэх хонгор нутаг, хүчээ нэгтгэсэн оюутан залуус\” ирэх жилүүдийн ажлын төвлөгөөгөө гаргаж, урам зоригтойгоор шинэ ажилдаа орлоо.
эх сурвалж: chingis.mn