Сэтгүүлчдийг тагнасан чагнасан гэх мэдээлэлтэй холбоотойгоор МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өчигдөр сошиалаар сэтгүүлчийг тагнасан чагнасан гэх мэдээлэл тархах болсон. Бид анхааралтай ажигласан. Өнөөдөр прокурорын байгууллага болон Ц.Нямдорж сайд мэдээлэл тайлбар хийсэн байна. Хүслэнбаатар нэртэй сэтгүүлч болон түүний найз нөхөд 30 гаруй хүнийг тагнасан гэх асуудал яригдаж байна. ТВ9 бол тийм нэртэй сэтгүүлч байхгүй гэж мэдээлсэн. Яг одоогоор хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэл нь МСНЭ-д байгаа.
Хэрвээ сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж чагнасан, сэтгүүлчийн эрх хөндөгдсөн асуудал байгаа бол сэтгүүлчийгээ хамгаалж ажиллана. Тодорхой судлахгүйгээр цаашид дэлгэрэнгүй ярьж болохгүй байна. Маргааш ТВ9 телевизийн ажилчидтай уулзаж ярилцана. Энэ хэргийн талаар мэдээлэл хүссэн албан бичгийг тагнуул болон цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байгаа” хэмээн мэдэгдлээ.