Том том уриа лоозон хэлдэг эсвэл хов хоосон газар тууз хайчилдаг үндсэн 2-ажлаас чинь залхаж байна төрийнхөн минь. Та нар хэдэн арав, зуун саяаар зөвлөгөөн, чуулган, хурал, хэлэлцүүлгүүд хийдэг. Татвар төлөгчдийн мөнгийг далд хэлбэрээр идэж уухаа болиоч. Нэг яамны эгчийн яриагаар бол “2 зөвлөгөөн хийгээд байр авдаг юм даа” гэсэн байгаа юм. Энэ бол хэн ч анзаардаггүй мөнгө угаалт бас тархи угаалт. Улс орны өнцөг булан бүрээс, сум суурин болгоноос хүн амьтан цуглуулна. Бүгдийнх нь замын зардал, буудал, хоол, үзэг бал, цүнх, ном хэвлэл, хүлээн авалт… Эндээс цавчаа хийх нь манай төрийн гол бизнес, яам агентлагуудын үндсэн ажил болж. Нэг сайд шинээр томилогдвол хэд хэдэн том зөвлөгөөн заавал хийдэг уламжлалтай. Яамны хэдэн “зөвлөгөөнчин” гарууд нь сайддаа хэлдэг байх “та одоо өөрийгөө харуул, сүр хүчээ мэдрүүл, бүгдийг нь баз, бодлогоо танилцуул” гэж. Тэгээд тэр яам салбар, чиглэл бүрээр олон улсын болон улсын, аймгийн зөвлөгөөнүүдийг хийж гарна даа. Жоохон байж байгаад дахиад хийнэ. Бүх яам, агентлаг яг адилхан давтана. Сонгуулийн жил бол бүр бөөлжис зутгамаар их тархи угаалт. Жилд доод тал нь томоохон 300-аад сэмнайр болдог.
Ганц өдөр хэд хэдэн зөвлөгөөн болох нь ч бий. Нээрээ хуралдаад хөгждөг бол манайх Араб шиг болчихсоон. Яагаад тэгээд Араб шиг болчихгүй байгаа юм. Яагаад гэвэл тэр том том зөвлөгөөнүүд чинь харахад л сүртэй болохоос биш агуулга нь инээд хүрмээр. Эхлээд дарга сайд нар улиг болсон уриа лоозонгоо ярина. Араас нь нэг мэргэжилтэн байдаг л судалгаа, тооцоонуудаа нуршина. Тэгээд хэдэн хүн тайз руу гарч хөлөө ачиж суугаад худлаа үнэн цэц булаалдана. Сүүлд нь хэдэн хүн заалнаас санал хэлнэ. Ингээд гүйцээ. Нэг протокол үлддэг байх. Яг үнэндээ бол хоосон цугларалт. Яахав миний хувьд нэгэнт сурвалжлахаар очсон тул хүчээр хэдэн хүн яриулаад аль болох өөд нь татаад мэдээ болгоно л доо. Гэхдээ л даанч харамсмаар. Ганц хоёрхон хүн чалчихын төлөө 13-р зууны үеийн Их Хуралдай шиг юм хийх ямар хэрэг байна. Та нар фэйсбүүкт жинхэнэ одууд биз дээ. Тэрийгээ ашиглаач. Шинэ мэдээллүүдээ аймаг сумдууд руу мэйлээр явуулаач, тэр бодлогоо танилцуулах гээд байгаа юм бол сайд, дарга нар телевизэд очоод ярилцлага өгчөөч. Улигласан, гунигласан их уулзалтуудаар яах юм бэ. Хурал ихэдвэл ажил цалгардана гэдэг дээ. Нэг л их ярьсан хүмүүс байх юм. Хийгээд л харуулчих. Хийж байгаа нь энэ гээд тууз хайчлаад байх юм аа бас. Ганцхан жишээ. Саяхан Туркийн ерөнхий сайд айлчилсан. Тэр ТИКА байгууллагаас Монголд хэрэгжүүлсэн 30 төслийг нэгэн зэрэг нээх ёслолд оролцлоо. Энэ үеэр хэлж байна аа “Турк улсад 50-60 төслийг нийлүүлээд тууз хайчилдаг. Нэг бүрчлэн очих цаг зав, мөнгө хөрөнгийг хэмнэх үүднээс юм” гэж байна лээ. Айлын хүүхдүүд тийм айхтар. Харин манай хэд яасан гэрлийн шон хийсэн ч шав тавина, тууз хайчилна, хадаг сүү болно. Болиоч ээ.
Сэтгүүлч Б.Отгон 2018.04.22