Хайрын дууч гэгддэг дуучин С.Бичүү үе үехэн сураг алдардаг ч тэр хугацаандаа уран бүтээлээ хийсээр л байдаг гэдгээ тайлбарладаг. Энэ удаад ч тэрээр удирдлагын академид сурч байгаа бөгөөд мөн л шинэ дуу гаргасаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд “Энхрийлмээр” хэмээх дуугаа дүрсжүүлэн хүргэсэн байна.
Ер нь С.Бичүүгийн анхны уран бүтээл нь “Будаггүй уруулын амт” гэдгийг мэдэхгүй хүн ховор биз. Харин түүний анхны уран бүтээлтэй холбоотой нэгэн хөгжилтэй дурсамж байдгийг хүмүүс бараг л мэдэхгүй болов уу. Тэгвэл С.Бичүү өөрөө энэ тухайгаа хуваалцлаа. Түүх сөхвөөс:
“Хөгжилтэй болсон явдал
Анхны уран бvтээлийн нэг Будаггүй уруулын амт дуугаа гаргачихаад Fm-үүдээр тарааж өглөө… Тэгсэн чинь нэг fm-ийн хөтлөгч ах хэлж байна… Дуугаа өөрсдөө сайн уйгагүй захиалдаг юм… Тэгж байж л хит болдог юм гээд нэг тусгай дугаар цаасан дээр бичиж өглөө… За хэд хоног өөрийн дугаараасаа танихгүй хүн болж “Сайн байна уу? Дуучин Бичүүгийн дуулсан Будаггүй уруулын амт гээд их гоё дуу болсон байна лээ сонсоё” гэж ирээд л ярьдаг байлаа… Хөөрхий оюутан хүүхэд хэд хоног яриад л нэгж ч байхгүй мөнгө ч байхгvй будаа… Ядаж байхад нөгөө тусгай дугаар нь яасан ч их нэгж бардаг юм… За одоо яадаг билээ бодож байгаад, хотод байдаг том ахдаа хэллээ. Ахаа та завтай үедээ дүүгийнхээ шинэ дууг захиалаад байгаарай…
-За нэр юу юм?
-Будаггvй уруулын амт.
-Юун ч сонин нэртэй юм, заза ойлголоо…
Ах (48-49 настай байсан vе) гэрийн утсаараа өөрөө залгах гэснээ нэрнээс нь санаа зовоод охиноороо залгуулжээ. Охин нь (20-гаран настай):
-Сайн байна уу? дуучин Бичүүгийн шинэ уран бvтээл Будаггүй уруулын амт дууг сонсох гэсиймаа.
Хөтлөгч:
-За хэнд зориулан сонсох вэ?
Охин сандарсандаа аавдаа зориулъя ааа” гэсэн гэнэ дээ.
Ямартай ч түүний энэ дуу өдгөө ч олны сонсох дуртай дууны нэг хэвээр байгаа. С.Бичүү тэр үедээ санасандаа хүрч 2005 онд “Будаггүй уруулын амт” хэмээх анхны тоглолтоо үзэгчиддээ өргөн барьсан байдаг юм.