АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Кин Чен Ын нар удахгүй уулзах нь тодорхой болсон билээ. Харин хаана уулзахаа талууд одоо хүртэл тогтоогүй байгаа. Гэхдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдний уулзаж болох боломжит таван орныг дэвшүүлж байгаа бөгөөд одоогоор Монгол болон Сингапур улс тэднийг уулзахад хамгийн тохиромжтой хоёр орны тоонд үлдээд байна. Хэрвээ Сингапур улсад уулзалт хийвэл, зохион байгуулалтыг сайн хийнэ, дэд бүтэц өндөр хөгжсөн, аюулгүй байдлын тал дээр санаа зовних хэрэггүй гэж АНУ-ын тал үзэж байгаа юм. Харин сул тал нь Умард Солонгостой харилцах Сингапурын харилцаа царцсан мөн Ким Чен Ын-д газар зүйн байршил нь хэтэрхий холдох ба тийшээ онгоцоор явахад 4700 км замыг туулж 6 цаг 30 минут нисэх шаардлага гарах юм. Гэвч Ким Чен Ын онгоцоор нисдэггүй, зөвхөн галт тэргээр зорчдог билээ.
Харин Монгол улсад тэдний уулзалт болбол Умард Солонгосын талд илүү нааштай байх болно гэж тэд үзэж байна. Учир нь Монгол улс АНУ, Умард Солонгостой хоёулантай нь найрсаг харилцаатай, Ким ирэхэд БНХАУ-аар дайрч, 2034 км замыг туулж, 2 цаг 30 минут зорчих юм. Харин сул тал нь аюулгүй байдал муу хангагдана, дэд бүтэц тааруу хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна. Монгол улсад энэхүү хоёр орны төрийн тэргүүн уулзах болбол гарах санхүүгийн зардлыг хэн даахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад “Хэрвээ уг уулзалт Монгол улсад болбол тодорхой зардлыг бид гаргана, харин хоёр орон өөрсдөө санхүүгээ хариуцна” гэлээ. Мөн тэрээр хэлэхдээ энэ уулзалт хэрвээ Монголд зохион байгуулагдах болбол хариуцлагатай хандах хэрэгтэй. Энэ бол шоу хийх сэдэв огт биш” гэв. Дональд Трамп, Ким Чен Ын нар хэзээ уулзах хугацаа нь эцэслэгдэн тогтоогдоогүй байгаа бөгөөд олон улсын хэвлэлүүдийн онцолж байгаагаар тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр уулзана хэмээн таамаглацгааж байгаа юм.