10 жилийн өмнө болсон Вэньчуаний газар хөдлөлтийн гамшгийг дурсан “Зүрх сэтгэлээрээ холбоотой байя” хэмээх олон нийтийн эмчилгээний төсөлд оролцсон Бээжингийн эмчилгээний 600 гаруй сайн дурынхан тавдугаар сарын 1-нд буюу өчигдөр Вэньчуаний 12 сууринд очиж эмчилгээ үйлчилгээ өрнүүллээ. Тэд Түвд, Чян үндэстэн төвлөрөн суурьшсан нутгийн ард иргэдэд эм, эмчилгээний үйлчилгээ үзүүлж, орон нутгийн эмчилгээний ажилтнуудыг бэлтгэл сургалтад хамруулжээ.
Энэ өдөр хэдэн зуун ард иргэд үзлэг эмчилгээнд хамрагдахаар дугаарласан байлаа. Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдах бэрхшээлтэй асуудлыг зохицууллаа хэмээн иргэд талархлаа илэрхийлж байсан бөгөөд цаашид илүү олон удаа ийм арга хэмжээ зохион байгуулахыг хүсч байв.
“Зүрх сэтгэлээрээ холбоотой байя” үйл ажиллагаа бол Хятадын коммунист намын Төв хорооны нэгдмэл фронтын газар, Төрийн зөвлөлийн гадаад хэрэг хариуцсан газар зэрэг яам, хороодын дэмжлэгээр Хятадын Түвдийн соёлыг хамгаалж, хөгжүүлэх нийгэмлэг, Хятадын Улаан загалмайн нийгэмлэг, Бээжин хотын Улаан загалмайн сан хамтран зохион байгуулсан олон нийтийн томоохон үйл ажиллагаа юм.
2008 оны тавдугаар сарын 12-ны өдөр Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд болсон 8,0 баллын хүчтэй газар хөдлөлт нь хүний амь нас, эд хөрөнгийн асар их гарз хохирол учруулсан гамшиг байсан юм. Энэ газар хөдлөлтийн улмаас 80 мянга орчим хүн амь насаа алдаж, олон мянган хүн хохирч орон гэргүй болж байсан харамсалтай түүх бий.