Баян-Өлгий аймагт зуд нүүрлэснээс Улаанхус сумын нутаг дахь аргаль, янгир зэрэг ховор амьтад өвс тэжээлгүйдэн малчдын хонинд нийлэх, хотонд нь орох зэрэг асуудал гарч буйг \”Өнөөдөр\” сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тус аймгийн нутагт 1500 гаруй аргаль, 400 гаруй янгир бий гэсэн судалгаа байна. Бэлчээр нь зузаан цасанд дарагдсанаас идэш тэжээлгүй болсон тэдгээр амьтдад зориулан, Улаанхус сумаас бэлчээрт нь өвс, хужир тавьж эхэлжээ. 200 мянга гаруй толгой малтай энэ сумын Агуйт, Баянзүрхийн эх, Хөх адар, Хар ямаат, Усай зэрэг газарт их хэмжээний цастай байгаа тул зэрлэг амьтад төдийгүй мал бэлчих газаргүй болжээ. Аймгийн нөөцөөс үнэгүй олгосон өвсийг малчдад тараан өгч буй ч хүрэлцэхгүй байгаа аж. Даян нуур дахь хаваржаа руугаа нүүх санал гаргасан ч тэнд шуурснаас цас дагтаршин хатуурсан тул хоёрдугаар сарын 15 хүртэл азнахыг орон нутгийн удирдлагууд нь сануулсан байна.