ХХАА-н сайд Р.Бурмаа Унгар
Улсын Хөдөө аж ахуйн сайд Шандор Фазекашийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Унгар улсын
Ерөнхий сайдын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус улсын
Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр \”Биокомбинат” ТӨҮГ-ын иж
бүрэн шинэчлэлийн хэлэлцээрийг байгуулсан нь хоёр орны найрсаг харилцааг баталгаажуулж, хамтын ажиллагааг сэргээн
хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцлон
тэмдэглэлээ.
Мөн хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд 2011 онд
байгуулсан \”Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”-ийн
хэрэгжилтийг хангаж ажилласнаар Унгарын төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг
Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлд
Унгарын технологи, тоног төхөөрөмжийг нутагшуулснаар Евро стандартыг
нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх цогц арга хэмжээг
авч хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрлөө.
Сайд Р.Бурмаа фермерийн аж
ахуйгаар арвин туршлагатай Унгар улстай хамтран Монголд 100-200 үнээний загвар
аж ахуй байгуулах, Монголын цаг уурт
дасан зохицох үрийн сортыг нутагшуулах чиглэлээр хоёр орны эрдэм шинжилгээний
байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хилийн дагуу байгуулахаар
төлөвлөж буй тусгай хорио цээрийн дэглэм бүхий бүсэд махны үйлдвэр байгуулахад
Унгарын хурганы мах боловсруулж экспортонд гаргадаг туршлагыг нэвтрүүлэх,
Унгарын \”Мангалица” үүлдрийн гахайг нутагшуулах мөн Европын холбооны Хөдөө аж ахуйн нэгдсэн
бодлого, Хөдөөгийн хөгжлийн бодлогогын талаар сургалт авч, туршлага судлах, ялангуяа
хүнсний гол нэрийн бараанд хийж буй үнийн интервенц, хөдөө аж ахуйн аялал
жуулчлалын талаар хамтран ажиллах зэрэг тодорхой саналууд дэвшүүлснийг Унгарын
тал нааштайгаар хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мөн энэ үеэр Унгар Улсын Хөдөө аж ахуйн
сайд Шандор Фазекаш хөдөө
аж ахуйн машин, тоног төхөөрөмж, өндөр үржил шимтэй амьд мал оруулж ирэхэд
санхүүгийн нэн тааламжтай нөхцөлийг санал болгоход бэлэн байгаа илэрхийлсэн.
Цаашлаад мал, хүнсний аюулгүй байдлын иж бүрэн тогтолцоог бий болгоход өөрийн
туршлага мэдлэгээсээ хуваалцаж тодорхой хөтөлбөрийг боловсруулан хамтран
ажиллах санал тавив.
Уулзалтын төгсгөлд сайд Шандор Фазекаш ХХАА-н сайд Р.Бурмааг Унгар
улсад тааламжтай үедээ айлчлахыг уриад хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбар
дахь хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэг итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.