Улс төрийн
намууд иргэдийн итгэлийг алдсаар. Харин энэ завсраад \”бие даагч”-д л цорын ганц
итгэл найдвар болж хувирсан цаг саяхан. Тиймээс ч иргэд УИХ-д \”бие даагчдийн бүлэг”
байгуулах хэмжээний санал өгч, итгэл хүлээлгэсэн. Гэвч тэд иргэдийнхээ итгэлийг
дааж чадаж байна уу.
Ер нь анзаараад байхад бие
даагчид УИХ-д сайн сөрөг хүчин байх ёстой юм шиг. Гэвч энэ удаагийн бие даагчид
сөрөг хүчин гэхээсээ \”гацаагч хүчин”-ий ажлыг тун гарамгай гүйцэтгэсээр байна.
Ямар сайндаа л \”Г.Уянга+Бие
даагчид=Популистууд”
гэх томьёолол хүртэл гарчихаад байхав дээ. Магадгүй УИХ дахь МАН-ын бүлэг бие
даагчдын үүргийг гүйцэтгээд байгаа учраас тэднийг популимз хийхээс өөр аргагүй
болгосон ч байж болох юм. Гэхдээ иргэд ийм зүйл хүсч тэдэнд итгэл хүлээлгээгүй
л байлтай. Ч.Сайханбилэгийн ажлыг явуулахгүй байгаа даа биш. Гол нь чөдөр тушаа
бололгүй, хямраад байгаа эдийн засгийг уул ухахгүйгээр сэргээх гарцыг олох эрх
мэдлийг л тэдэнд иргэд өгсөн юм. Гэвч УИХ дахь хоёр намыг бойтоглож, өөнтөглөж,
тушсаар л өнөөдрийг хүрч байна. Цаад зорилго нь Л.Гүндалайгийн шиг байсан юм
биш биз ч гэж бодогдоход хүрлээ. Яагаав Л.Гүндалай чинь тээр жил бие дааж УИХ-д
сонгогдмогцоо АН-д элсчихээгүй юу. Үүн шиг одоогийн бие даагчид ч аль нэг намд
харьяалагдахыг \”чин зүрхнээсээ” хүсч байгаа бололтой юм. Эхнээсээ ч нам
харьяалалд ороод эхэллээ. Тухайлбал, УИХ-д \”босоо” нэрээр алдаршсан бие даагч
С.Ганбаатар \”ХҮН” гэх намд элсч, улмаар намын дарга болоод удаагүй байна.
Тэгвэл түүний араас Х.Болорчулуун гишүүн намын харьяалагдах нь.
УИХ-ын гишүүн М.Зоригт ирэх
сонгуулиар Дорнод аймагт нэр дэвшихээ зарлах үеэр \”Х.Болорчулууныг МАН-тай
тохироо хийж, тус намд элсч байгаа” тухай мэдэгдсэн юм. Эндээс Х.Болорчулуун
гишүүн харьяалалаа олжээ гэж ойлгож болохоор.
Тэгвэл одоо намын харьяалалгүй
Ц.Даваасүрэн гишүүн үлдлээ. Гэхдээ С.Ганбаатар, Х.Болорчулуун нарыг бодвол өмнө
нь намд харьяалагдаж байсан, хуучны улс төрч. Мөн тэднээс өмнө нь намын
харьяалалаа сэргээх тухай яриа ч гарч байсан. Гол нь тохироо нь л бүрдэхгүй
байна гэж таамаглаж байлаа. Нэгэнтээ хүч нь суларсан бие даагч, аль нэг намд
харьяалагдахгүй гэх баталгаа алга. Харин хуучин угшилаа сэргээх үү, Н.Энхбаярыг
дагах уу, бүр олон ургалч үзэл гаргаж, шинэ намд элсэх үү гэдгийг цаг хугацаа л
харуулах биз.
Эндээс иргэд бид бие даагч
сөрөг хүчинд итгэл үзүүлдэг үү. Эсвэл улс төрийн нам, эвсэлтэй тохироо хийж,
албан тушаалд горилогчийг сонгодог уу гэсэн асуулт гарч ирээд байгаа юм. Ер нь
бие даагчид итгэл үзүүлсэн бол тэд аль нэг намд элсэнэ гэдгийг л тодорхой
ойлгох ёстой юм шиг. Тэгэхээр танай тойрогт нэр дэвшиж буй бие даагчаас \”та
ямар ажил хийх вэ гэж асуухаас илүүтэйгээр та аль намд элсэх бодолтой байгаа вэ”
гээд тодруулчихмаар. Тэгвэл дөрвөн жил алдахгүй, цаг хугацаа товчлоод хялбар
болж ч мэднэ. Тэгэхээр цаашид бие даагч гэдэг тусгайлсан хүнийг ч сонгох
хэрэггүй болж мэднэ.
А.Аюуш