Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал \”Монголбанк инфляцийг бууруулах чиглэлээр гурван арга хэрэглэсэн. 2009-2012 онд инфляци өндөр түвшинд байсан учир зээлийн хүү өндөр байсан. Харин одоо нам болсон учир зээлийн хүү буурах боломжтой\” хэмээн мэдээлэлдээ дурдлаа.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэврийн, цалингийн, малчны зэрэг бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, урьд нь өндөр хүүтэй олгогдсон байсан бүх зээлийн хүүгийн төлбөрийг буулгаж, зээл төлөх хугацааг сунгах шийдвэрийг сар шинийн баяраас өмнө гаргах шаардлагыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. Энэ шаардлагад ч Монголбанкны зүгээс дараах хариултыг өгөв.
Тодруулбал, Төв банкны зүгээс сүүлийн гурван жилийн хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь нийт хуримтлалыг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулах бодлого баримтлан ажиллажээ. Мөн цаашид хуримтлалд суурилсан нам, тогтвортой инфляцитай орчинд дундаж давхаргын хуримтлалд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд хэрэглээ, импортыг дэмжсэн биш харин ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримлал, экспортыг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлого баримталж хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл зээлийн хүүг бууруулах боломжтой гэсэн хариултыг МАН-ын бүлэгт өгсөн байна.
Зээлийн хүү буувал иргэдэд тун их тус болно. Тиймээс ийм ажлыг улс төржүүлэлгүй, хамтдаа зоригтой, шийдвэрлэнэ гэж найдаж байна.