Манай дарга нар бүгд төмөр хүлэгтэй юм болохоор хэзээ ч гудамжаар явган холхиод байдаггүй. Тиймдээ ч явган хүний зам ямар байдгийг ч бараг мэдэхүй биз. Тэд зайлшгүй шалтгаанаар дөрвөн жилд нэг удаа л хоёр хөлөөрөө алхаж гудамжаар явдаг байх. Тиймдээ ч бидний өдөр тутам холхидог, дасал болсон гудамж, зам тэдэнд их л сонирхолтой санагддаг бололтой. Эсвэл бас ээлжит шоундаа ашиглах гэж тэгдэг ч юм уу. Ямартай ч энэ удаад Ж.Энхбаяр гишүүний зураг сошиалд гараад ирлээ.
Түүнийг сонгуулийн үеэр энэ хэсгээр их ч олон удаа явсан гэдгийг тухайн нутаг дэвсгэрийн иргэн бололтой нэг хүн батлан сануулж байх юм. Хувь заяатайгаа эвлэрсэн зарим нь хашааных нь дотор талаар явахыг хүртэл зөвлөж харагдана.
Манайд ийм зам хаа сайгүй бий. Бүхэл бүтэн улсын нийслэл гэхэд явган хүний зам огт байхгүй хэсэг олон тааралдах нь ичмээр. Ичих цаашаа, бүр аймаар ч, үнэндээ одоо бүр дөчирч байх шиг. Явган алхах эрх өдрөөс өдөрт хумигдсаар байхад “Аз жаргалтай Улаанбаатар” амжилттай хэрэгжиж байна гэх.
Явган хүний зам хамгийн багадаа 1.5 м өргөн байх ёстой юм билээ. Хэрэв дугуйн замтай зэрэгцүүлэн хийвэл явган хүний зам 2.5 м, унадаг дугуйн зам нь 1-1.5 м өргөнтэй байх ёстой гэж байгаа. Харин манайд ийм зам төвийн цөөн хэдэн замаас бусад газар бараг байхгүй. Дарга нар энэ бүхнийг мэддэггүй байх өө.
Багтаж ядан, тэнцвэр алдан, машинтай шүргэлцэх шахам алхаж явах тэр сэтгэгдэл ямар байна даа дарга, түшээд минь? Ийм замаар ирээдүй минь амь насаараа дэнчин тавин алхаад л явж байна шүү дээ.
Энэ хүмүүст эгэл амьдралын практик дадлагыг байнга олгож байх юм сан.