Саяхан л Г.Шийлэгдамба шиг муу авлигач байхгүй юм шиг хорьж цагдаж явсан Засгийн газар бараг гурван сарын дараа түүнийг 500 сая төгрөгийн авлига аваагүйг мэдэж, хэр зэрэг хойрго ажилладгаа харууллаа. Энэхүү хойрго ажлын улмаас эрүүл мэндийн салбар өнгөрсөн гурван сарын хугацаанд сайдгүй, толгойгүй явж, үүний уршгаар хэдэн ч хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Тэгвэл өнгөрсөн гурван сарын хугацаанд ужгирч явсан 500 сая төгрөгний гэх авлигын хэргийн улмаас өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд асан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба хэмээх хүний амь насанд аюул учрах шиг боллоо.
Тиймдээ ч дээрээс үүрэг өгч түүнийг цагдаагийн хамгаалалтад авч байх шиг байна. Цагдаагийн байгууллагаас түүнийг хамгаалалтад авсан шалтгаан нь Г.Шийлэгдамбын амь нас аюултай байдалд орсон, амь насанд нь халдаж болзошгүй, гаднын нөлөөтэйгээр амь насыг нь хөнөөж магадгүй хэмээх үндэслэл аж.
Гаднын нөлөө гэж хэн бэ?. Г.Шийлэгдамбыг авч явах гэсэн хүмүүс \”С1\” телевизийн байранд хүртэл очиж гаргаж өгөхийг шаардсан байх юм. Юутай ч, Эрүүл мэнд, спортын яамны сайд болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг давхар хашиж, удахгүй болох сонгуулиар намын жагсаалтаар УИХ-ын гишүүний бүрэн эрх халаасалчихаад байсан Г.Шийлэгдамба өдгөө Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хэмээх хоёр хүний тулааны золиос, ямар ч албан тушаалгүй асан болж үлдлээ. Нөгөө талаас Г.Шийлэгдамба энэ хоёр хүний тулааны гол төв нь болж хувираад байна. Тиймээс амь насанд нь халдаж болзошгүй хэмээн үзэж хамгаалалтад авах шиг боллоо. Авлигын хэргээр шалгагдаж, оны өмнөхөн батлан даалтаар гарсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба гэнэт намынхаа дарга Н.Энхбаярын өөдөөс тэрсэлдэж, олон нийтэд ил захидал хүргэн 170 мянган ам.долларын авлигыг өөрөө бус Н.Энхбаяр авах гэж байсныг илчилсэн юм. Үүний улмаас цагдаа, АТГ-аас МАХН-ыг шалгаж эхлээд байгаа бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуулийн өмнө дарж авах гэсэн далд төлөвлөгөөг АН-ын Ерөнхийлөгчийн талынхан зохиож амжжээ.
Үүнтэй холбоотойгоор ч тэр үү, Г.Шийлэгдамбад хөндлөнгийн дарамт, шахалт маш их ирж байгаа ба түүнийг хэн нэгнийнх нь эсрэг ашиглах гэсэн оролдлого ирж магадгүй болжээ. Өчигдөрхөн \”Цензургүй Яриа\” нэвтрүүлэгт оролцож, нулимс цийлэгнүүлж байгаад хамаг үнэнээ ярьсан түүнийг хамгаалалтад авахаас өөр аргагүй болсон нь цаанаа ямар нэгэн зүйлийг хэлээд ч байх шиг.
Төгс