Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч\” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 28. Санчир гараг. Суулга одтой, 7 улаан мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.