ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэрээр айлчлалынхаа үр дүнд тун сэтгэл хангалуун буцсан юм.
Улстөр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны талаар олон тохиролцоонд хүрсэн талаараа Шолбан Валерьевич Кара-Оол нутагтаа очоод хийсэн хэвлэлийн хурал дээр онцолсон бөгөөд энэ бүхнээс гадна өөр нэг том амжилт нь спортын салбар байв.
Тувагийн тэргүүн мэргэжлийн сүмод доод тал нь хоёр тува бөхтэй болох зорилт тавьсан байна. Энэ зорилгоо мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн тусламжтайгаар хэрэгжүүлэх болжээ.
Шолбан Кара-Оол хэвлэлийн бага хурал дээр “Д.Дагвадорж бол агуу монгол хүн. Тэр Японы сүмог бүрэн эргүүлж, дэлхийн спорт болгон хувиргасан. Хамтран бизнес хийх олон санал тэр тавьсан. Би Тувагийн бизнес эрхлэгчидтэй энэ талаар ярилцана. Ирэх наймдугаар сард Тувад Асашёорюүг урьсан байгаа. Түүнд зориулж бид үндэсний бөхийн наадам зохион байгуулна. Энэ үеэр авьяаслаг тува хөвгүүдийн сүмо бөхийн сонгон шалгаруулалт явуулна. Асашёорюү найзын хувиар надад хоёр хүүхдийг мэргэжлийн сүмод оруулж өгнө гэж амалсан. Тэднийг бэлтгэж, Японы сүмогийн дэвжээнд оруулах юм. Миний хувьд Тувагийн өнцөг булан бүрээс авьяаслаг хүүхдүүд олж, цуглуулах болно. Малчны хотоос хүчтэй сайн бөх болох хүүхэд гарна” гэж ярьсан байна.