Ихэнх хүмүүсийг унтаж байх хооронд өглөө эрт босож олон зүйлсийг хийж амжуулдаг, амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг бид цөөнгүй сонссон. Харин бүтээмж өндөртэй тэр цагуудаас бусад үед тэдгээр хүмүүс чухам юу хийдэг бол? Тэдний амжилт, сэтгэл санаа, бие физиологийн эрүүл мэнд нойрноос, өдрийг хэрхэн дуусгаж, хэрхэн эхлүүлж байгаагаас багагүй хамааралтай аж. Тиймээс тэд унтахынхаа өмнө байнга хийдэг тогтсон дадлуудтай болдог байна. Амжилтанд хүрсэн хүмүүс тэгвэл унтахаасаа өмнө юу хийдэг юм бол?
#1 .Унших
Microsoft-ын тэрбумтан Bill Gates бол шунахай уншигч. Тэрээр орой бүр унтахынхаа өмнө улс төрөөс эхлээд одоо болж буй үйл явдлууд хүртэлх сэдвийн хүрээнд бүтэн цагийг уншиж өнгөрүүлдэг аж.
Өдөр бүр унших нь мэдээж шинэ мэдлэгийг олж авахаас гадна бас стрессийг бууруулж, ой ухааныг сайжруулдаг байна. 2009 онд University of Essex-ийн судалгаагаар өдөрт 6-аас доошгүй минутыг уншихад зарцуулахад стрессийг 68 хүртэлх хувиар буруулдаг болохыг илрүүлжээ.
Орой бүр ном унших нь таны тархины эрүүл саруул байх хугацааг уртасгах, алцхаймерын өвчнөөс сэргийлэх зэрэг ач тустай. Тиймээс унших бүрдээ та өөрийгөө оюуны дасгал хийж байна хэмээн ойлгож болно.
#2. Ажлаасаа бүрэн салах
Унтахын өмнө ажлын стресс болон бодлуудаасаа бүрэн салж чаддаг байх нь амжилттай байхын нэг гол үндэс гэнэ. Ажлынхаа проблемоос салж чадахгүй шөнөжин имэйл шалгаж, бичиж стресстэх нь хүнийг нойргүйдүүлдэг аж. Унтахаасаа 30 минутаас 1 цагийн өмнө ажилтай холбоотой зүйлээс бүрэн ангижрах нь тархи амарч бүрэн нойроо авахад бэлэн авах боломжийг олгодог байна.
#3. Утсаа өөрөөсөө хол байлгах
Харвардын Их сургуулийн нойрны эм зүйн профессор Dr Charles Czeisler-н судалгаагаар гар утасны дэлгэц нь хиймэл цагаан гэрлүүдийг бий болгосноор бидний бие махбодын байгалийн цагийн хэмнэлийг алдагдуулж, өдрийн цаг болж байна гэх хуурамч дохиог бидний тархинд өгдөг юм байна. Тэдгээр цагаан гэрлүүд нь биднийг унтуулах үүрэгтэй хэд хэдэн бодисын ялгаварлалтыг зогсоож, биднийг унтахад саад болж нойр хулжаадаг аж. Тиймээс хэрвээ та сайн нойр авч, бөх унтахыг хүсвэл утсаа өөрөөсөө холдуулж, өөр өрөөндөө тавиарай!
#4. Алхах
Buffer -ийн гүйцэтгэх захирал Joel Gascoigne унтахынхаа өмнө алхах дуртай нэгэн ажээ. Учир нь алхсанаар түүний ажлын тухай бодлууд сарнин алга болж амрах хэрэгтэйгээ ойлгон тайвширдаг байна. Үргэлж идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг завгүй хүмүүсийн хувьд Joel-н оройн алхалт нь ачаалалтай өдрийн дараа тайвшрах гайхалтай арга юм. Өдөр бүрийн алхалт нь эрүүл мэндийн хувьд эерэг ач холбогдолтойгоос гадна бас нэгэн гайхалтай ач тустай ажээ.
Алхах нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд алхаж байх үед хүний тархи идэвхтэй ажилладаг ба ингэснээр шинэ санаа , шийдлүүдийг олох үүд хаалгыг нээж өгдөг болохыг судалгаагаар баталжээ. Тиймээс танд шийдэж чадахгүй хэцүү асуудал байвал, магадгүй та нэг орой салхилж болох юм, ингэснээр та зөв шийдэлд хүрэх ч юм уу.
#5. Бясалгах
Хэвлэл мэдээллийн алдарт сэтгүүлч, хатагтай Winfrey ачаалалтай өдрийн дараах стрессээ орой бүр бясалгал хийн тайлдаг байна. Түүний нэг өдөр үнэхээр завгүй байдаг нь ойлгомжтой хэрэг, гэсэн ч тэрээр орой бүр бясалгал хийх цагийг өөртөө гаргадаг гэнэ.
Бясалгал хийх нь үнэхээр үр дүнтэй сайн арга уу гэх маргаан зөндөө байдаг. Харин 2014 оны судалгаагаар бясалгал хийдэг 19,000 хүнийг судлахад үр дүн эерэг гарчээ. Бясалгал нь уур, бухимдал, өвчнийг намдаахад тустай бөгөөд стрессийг ч бас бууруулдаг юм байна.
#6. Бүтээлч байх
Алдарт загвар зохион бүтээгч Vera Wang оройдоо шинэ загвараа урладаг бөгөөд, нарийн ширийнийг нь гаргалгүйгээр зөвхөн ерөнхий чигийг нь гаргадаг аж. Заримдаа оройн чимээ аниргүй байдал бидний бүтээлч байдлыг ил гаргах түлхүүр болдог.Хамгийн сонин нь бид хэдий ажил ихтэй урт өдрийн дараа ядарсан байдаг ч бүтээлч үйл ажиллагаа явуулахад шөнийн цаг нь хамгийн зөв сонголт юм гэдгийг судлаачид тогтоожээ.
Тэгэхээр хэрвээ та өглөөний хүн бол танаас гарах хамгийн бүтээлч санаанууд таныг орондоо орохоос өмнөхөн гардаг байна. Судлаачид үүнд итгэлтэй байдаг. Учир нь шөнө таны тархи өдрийн цагуудыг бодвол илүү задгай төсөөлж, сэтгэдэг. Харин логикоор сэтгэх чадвар тань буурч эхэлдэг байна.
#7. Энэ өдөр болсон эерэг бүхнийг бодох
Амжилттай яваа хүмүүс сөрөг зүйлс бодоод байх бус хамгийн эерэг зүйлс дээрээ төвлөрдөг. Ингэж дадах нь стресстэх, сэтгэл санаа тавгүйдэх, нойргүйдэхээс сэргийлдэг бөгөөд хэдийгээр асуудлууд байгаа ч гэсэн хийж бүтээсэн зүйлс бас их байгааг нь сануулдаг. АНУ-ын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бенжамин Франклин унтахынхаа өмнө “Би өнөөдөр ямар сайн зүйл хийв?” гэх асуултыг өөртөө байнга тавьдаг байв.
#8. Маргаашаа төлөвлөж, жагсаалт гаргах
Судлаачид хэсэг бүлэг оюутнуудыг их сургуулийн оюутан болоод төгсөх хүртэл 4 жилийн турш судалгаанд хамруулжээ. Судлаачид тэдгээр оюутнуудын цагаа хэрхэн төлөвлөж буй чадварыг гол чигээ болгон судлахад, цагаа сайн төлөвлөж чаддаг оюутнууд SAT-ийн өндөр оноотой оюутнуудаасаа GPA буюу голч дүнгээрээ хамаагүй илүү байжээ. Эндээс цаг төлөвлөх чадвар нь хүний академик амжилтад сурах чадвараас илүү үүрэг гүйцэтгэдэг гэх дүгнэлтийг хийж болж байна.
Зарим шөнө маргааш хийх ажил бодогдон нойр хүрэхээ болих нь элбэг тохиолддог. Энэ асуудлаас ангижрахын тулд маргааш хийх ажлын жагсаалтаа гаргах нь хамгийн зөв арга байдаг. Нэгэнт бүх зүйлээ төлөвлөөд биччихсэний дараа санаа амарч шөнө элдэв юм бодогдох нь багасч амархан унтдаг байна. Жишээ нь, American Express-ийн гүйцэтгэх захирал Кеннет Шенолт унтахын өмнө маргааш амжуулах гурван ажлаа төлөвлөдөг гэдгээрээ алдартай.
#9. Согтууруулах ундаанаас татгалзах
АНУ-ийн Үндэсний Эрүүл Мэндийн Институтээс гаргасан судалгаагаар архи, пиво, вино нь хурдан унтахад тусалдаг хэдий ч нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг гэсэн байна. Алкохол ууж унтах нь хүнийг маш амархан сэрдэг хөнгөн унталтын төлөвт тогтмол байлгадаг бөгөөд гүн унталтанд орж бие өөрийгөө нөхөн сэргээх боломжийг олгодоггүй байна. Ариана Хаффингтон өөрийн “Thrive” номондоо мөн унтахынхаа өмнө алкохол уухаас зайлсхийдэг тухайгаа дурдсан байдаг.
#10. Гэр бүлдээ цаг зав гаргах
Хамгийн завгүй хүн зав гаргаж чаддаг гэсэн үг байдаг. Эцэст нь зөвлөхөд өндөр амжилтанд хүрсэн хүмүүс унтахын өмнө найз бүсгүй /залуу, эхнэр/ нөхөр, хүүхдүүдтэйгээ ярилцаж, цугтаа байх цагийг заавал гаргадаг аж. Зохиолч Лаура Виндеркам “Хэдийгээр хүн бүрт хайрттайгаа, ханьтайгаа нэгэн зэрэг унтахаар хэвтэх боломж гардаггүй ч 5 минут ч гэсэн тухайн өдөр ямар байсан талаар ярилцах нь хүнд эергээр нөлөөлдөг” гэж хэлсэн байдаг.