Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар хорин 461 дүгээр ангиас хоёрдугаар эмнэлэгт шилжээд байгаа билээ. Харин Д.Бямбасайхан, С.Баярцогт нар урьдчилан саатуулах төвд хоригдож буй юм. Гэхдээ С.Бямбасайханы тухайд тус ангийн эмнэлэгт зүрхний хүнд оношийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаа. Тэднийг хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан өнөөдөр болох байсан юм. Харин шүүх хуралдааны тов маргааш өглөө тодорхой болно гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Үүний өмнө 30 хоног хорьж, улмаар хорих хугацааг сунгах эсэх тухай асуудлыг шүүх хэлэлцэн гадуур байцаах шийдвэр гаргахад Нийслэлийн прокуророос үргэлжлүүлэн хорих хүсэлт гаргаж байсан. Учир нь хэрэв батлан даалтад гаргавал дахин гэмт хэрэг хийж, баримтуудыг устгаж магадгүй гэж үзэж байсан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд нийслэлийн прокурорын хүсэлтийн дагуу шийдвэрээ гаргасан. Харин түүнээс хойш сайд асан эрхмүүдийн бие нэлээд чилээрхлээ гээд тэдний хорих өрөөг эмнэлгийн өрөөгөөр солиод буй.
Одоогоор эмнэлэгт шилжсэн С.Баярын бие сайжирч эхэлсэн ч эмнэлгээс хорих руу шилжүүлэх болоогүй гэдгийг Хоёрдугаар эмнэлгийн захирал Г.Баясгалан мэдээлсэн. Мөн Ч.Сайханбилэгийн хувьд дөнгөж өчигдөр хагалгаанд орсон тул мөн шилжүүлэх боломжгүй гэж байгаа юм. Харин өнөөдөр С.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт үйлчлүүлэгчийнх нь эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ гэж байсан боловч хэвлэлийн хурлаа цуцалжээ.
Ямартай ч эх сурвалжийн мэдээллээр бол Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох санал ирүүлсэн аж. Хязгаарлалт тогтоох гэдэг нь хилээр гарахыг хориглон батлан даалтад гаргах санал юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Бямбасайхаан, С.Бямбацогт нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд саатуулан баривчилснаас хойш саатуулах хугацааг хоёр удаа сунган 58 хоног хориод байна.