Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээ зургаадугаар сарын 7-оос 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байгаа билээ.
Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитин тус арга хэмжээний үр дүнг танилцуулж мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өнөөдөр Монголд ОХУ-аас албан ёсны Оросын төлөөлөгчид ирж ажиллаж байна. Манай хоёр улсын ерөнхийлөгчийн санаачилгаар болж буй чуулга уулзалт амжилттай явагдаж байна.
Бид энэ хэлэлцээрийн үеэр бид олон асуудлыг ярилцсан. Ялангуяа, Улаанбаатар төмөр замыг шинэчлэх асуудлыг нэлээдгүй ярилцлаа.
ОХУ-ын Тээврийн шинэ сайд Евгений Иванович Дитрих Монголд анх удаа ирж, энэхүү чуулга уулзалтад оролцож байна.
Саяхан ноён Дитрих Монгол Улсын Зам тээврийн сайд болон Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж чухал хэлэлцээр байгуулсан. Энэ нь Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр юм. Энэ хүрээнд төмөр замаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд хөнгөлөлт үзүүлнэ.
Би таван жилийн өмнө Орос-Монголын Засгийн газрын комиссыг тэргүүлж байх үед ч мөн энэ талаар ярьж байсан. Ийм учраас энэ хэлэлцээр нь Монголын хувьд маш чухал баримт бичиг болж байгаа юм.
Үүнээс гадна, бид нисэх онгоцны тээвэрлэлтийн асуудлаар ярилцсан. Монголд БОИНГ онгоцыг угсрах боломж байгаа.
Мөн нүүрсний салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, удахгүй тодорхой шийдвэр гаргахаар болсон.
Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай Азийн хүүхдүүд арга хэмжээг 2020 онд Улаанбаатарт зохион байгуулахаар тохиролцсон. Үүнд манай орны дасгалжуулагч, спортын тамирчид оролцохоор боллоо.
Орос улс хэзээд Монголын найдвартай түнш байх болно гэдгийг онцлон хэлмээр байна” гэлээ.