УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад өгч буйгаа мэдэгдэж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Дорждугарын Гантулга миний бие өөрийнхөөрөө шийдвэр гаргах бололцоогүй өдрүүд олон байлаа. УИХ-ын гишүүн нь хувь хүн биш, хувь хүний шийдвэр гаргадаггүй. Өнөөдөр өөрийнхөөрөө шийдвэр гаргаснаа зарлаж байна.
Ийм асуудалд холбогдож байгаадаа юуны өмнө аав ээж, гэр бүл, хайртай ханиасаа уучлалт хүсч байна. Найз нөхдөөсөө хүлцэл өчье. Итгэж төлөөллөө болгосон Хэнтий аймгийн сонгогчид, эгэл жирийн гишүүд, нэг ангид хамт сууж хууль батлалцсан УИХ-ын гишүүдээс уучлалт хүсч байна. Хийе гэснээ хийж чадаагүйдээ харамсаж байна. Мөн хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, н.Цэрмаа гэх бүсгүйчүүдийн өмнөөс харамсаж буйгаа илэрхийлье. Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүй болохоо нотолно. Монголд үнэн гэж байдаг бол би үнэн зөвөө олуулж, улс төр байсан гэдгийг ойлгох өдөр ирнэ. Иймээс УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаагаа зарлаж байна.” гэлээ.