УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн чуулганаар хүчингийн хэрэгт холбогдсон гэх Д.Гантулга, Д.Мурат нартай холбоотой прокуророос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ талаар Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, М.Билэгт нарын эмэгтэй гишүүд тэднийг түдгэлзүүлээд шалгуулах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байсан юм.
Д.Оюунхорол гишүүн хэлэхдээ “УИХ-ын гишүүд ийм шийдвэр гаргасанд ичиж байна. Одоо УИХ-дахь эмэгтэйчүүдийн бүлэг хуралдаж, хориг тавиулах албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өгөх гэж байна. Маш ёс зүйгүй асуудал боллоо. Хүчингийн хэрэгт холбогдсон үгүй эсэхээ хууль хяналтын байгууллагаар тогтоолгох хэрэгтэй. Хэрэв ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан юм бол УИХ хаацайлж авч үлдэх ямар ч шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Мөн Сонирхлын зөрчлийн тухай хуулиар тухайн гишүүн өөрөө өөртөө санал өгөх эрхгүй” гэсэн юм.