Эрүүл мэндийн салбарын 48,000 гаруй ажилтны төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна талбайд өнөөдөр жагсаал хийж байна. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хоёр заалт бүхий шаардлага хүргүүлэх байгаа гэнэ. Энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол маргаашаас эхлээд эмч, эмнэлгийн ажилтнууд улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
Мөн ажлаа хийдэггүй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлэх юм байна. Засгийн газар, С.Чинзориг Эрүүл мэндийн салбарынхаа сайдын хэлэлцээрийг үл тоон өнөөдрийг хүртэл гурван талт хэлэлцээрийг гацааж байна хэмээн МҮЭХ үзэж байгаа аж.
Ажил хаялтаас гарсан хохиролд Чинзориг сайд хариуцлага хүлээнэ
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд дарга Ч.Нарантуяагаас өнөөдрийн жагсаал цуглааны талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Та нар яагаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гадаа жагсаж байгаа вэ?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзах гэж байгаа юм уу? -Эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээр хийж ,тохиролцоонд хүрээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл бүртгээгүй байна. Иймээс энэ нэмэлт хэлэлцээрийг бүртгэх саналыг тавьж байгаа. Хэрэв энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол асуудал хариуцсан сайдыг огцруулах шаардлагыг УИХ болон Засгийн газарт шаардлагыг тавьж байгаа.
-Танайхаас Сүхбаатарын талбай дээр ес хоног суулт хийсэн. Энэ суултаар үр дүнд хүрээгүй юм уу?
-Суулт ес хоног үргэлжилсний дараа манайх эрүүл мэндийн салбарынхантай уулзаж, Эрүүл мэндийн яамтай нэмэлт хэлэлцээрт хийж, тохиролцоонд хүрч Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Гэтэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажлын арав хоногт нэмэлт хэлэлцээрийг бүртгээгүй. Иймээс бид нэмэлт хэлэлцээрээ бүртгүүлэхээр энд жагсаж байна. Одоо бидний тэмцэл зогсохгүй. Маргааш улс орон даяар ажил хаялт зарлана.
-Орон даяар ажил хаялт зарлана гэж байна. Аймаг орон нутгийн эмч эмнэлгийн ажилчид ажил хаялтыг дэмжиж байгаа юу. Та нар ажил хаялт зарлахаар эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн асуудал хүндрэл гарна. Үүнийг яах вэ?
-Хөдөө орон нутаг болон нийслэл дүүргийн эмнэлгийн ажилчид ажил хаялтаа зарлах хэрэгтэй гэдгийг байнга тавьж байгаа. Иймээс бид энэ тэмцлийг зогсоохгүй. Үр дүнд хүртэл явна. Ажил хаялтаас гарсан хохиролд Чинзориг сайд хариуцлага хүлээнэ. Өнөөдрийг хүртэл нэмэлт хэлэлцээрийг бүртгэхгүй байна. Ирээд уулзах гэхээр хүлээж авахгүй. Одоо ажил дээр байхгүй байна. Бидний төлөөлөл Төрийн нарийн бичгийн даргатай уулзахаар орсон. Ямар шийдэлд хүрэхийн мэдэхгүй байна. Шийдэлд хүртэл яамны гадна суултаа хийнэ.
Цалин мөнгө боломжтой бол бид ингэж суухгүй
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сувилагч Оюундарь
-Эмч нар цалин мөнгөө нэмэгдүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж байгаа. Гэвч нэгдсэн шийдэл хүрч чадахгүй байна. Яагаад шийдэлд хүрэхгүй байн вэ?
-Төрөөс эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаан дээр анхаарахгүй байна. Бид үнэхээр цөхөрч байна. Эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүн цалингийн зээлтэй. Өрнөөс өрнийн хооронд амьдарч байна.
-Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?
– Миний хувьд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд 33 жил ажиллаж байна. Гэтэл өнөөдөр миний цалин 534 мянган төгрөг. Энэ мөнгөний ихэнх нь цалингийн зээлэнд яваад 100 мянган төгрөг үлдэж байна. Энэ мөнгөөр яаж амьдрах вэ. Цалин мөнгө боломжтой бол бид ингэж суухгүй. Ээлжээсээ буугаад гэртээ сайхан амраад маргааш ажилдаа гаргана шүү дээ. Ингэж тэмцэхгүй бол төр засаг дорвитой арга хэмжээ авахгүй байна. Иргэдийнхээ төлөө ажиллахгүй байна. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашиг нийцсэн хууль дүрэм батлаад сууж байна шүү дээ.
-Эмч, эмнэлгийн ажилчдын цалин хэдэн төгрөг нэмбэл амьдралд хүрэлцэхээр байна вэ?
-Бид хэдэн сая төгрөгөөр нэм гэхгүй байгаа. Ядаж сая төгрөг болчих гэсэн шаардлага тавьж байна. Манай орон бага цалин авдаг эрүүл мэндийн салбартай газар байхгүй шүү . Сая хүүхдийн баяраа хүүхдээ баярлуулж чадаагүй. Энэ мэт асуудлууд их байна.