Малчин сум өнгөрсөн оны жил эцсийн мал тооллогоор 100.8 мянган мал тоолуулж, буман цагаан хоньтой болсон байна. Зуны дэлгэр сайхан цаг ирсэн энэ өдрүүдэд Малчин сумынхан буман цагаан хониныхоо баярыг тэмдэглэсэн юм.
Энэ үеэр хүчит 64 бөхийн барилдаан болж, зургаан насны хурдан морьдын уралдаан болсон байна. Мөн Малчин сумын төв Цалгарт Буман цагаан хоньтой болсныг бэлгэдсэн баяд омгийн хуцны хөшөөг босгожээ.
Баяд омгийн хонийг үүлдэр болгохын төлөө Увс аймгийн Хөдөө аж ахуйн салбарынхан олон жил хөдөлмөрлөж байгаа бөгөөд энэ жил Увс аймгийн Малчин, Өмнөговь сумд энэ сарын 16-аас эхлэн тус бүр хоёр өдөр буман цагаан хоньтой болсныхоо баярыг ийнхүү тэмдэглэн өнгөрүүлж байна.