Баян-Өлгий аймагт энэ сарын 14- 16-ны хооронд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас үер бууж 530 гаруй өрхийн 2500 гаруй иргэн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Урьдчилсан тооцоогоор 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд дүгнээд байгаа юм. ЗГ-аас тодорхой хэмжээний мөнгөн болон бусад тусламж үзүүлж байгаа ч энэ нь хаанаа ч хүрэхгүй байгаа бөгөөд тиймээс тус аймгийн ЗДТГ-ынхан албан ёсны хандивын данс нээж, монголын нийт иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас гэр оронгүй болсон иргэдэд тусламж үзүүлэхийг хүсч байгаа билээ. Түүнчлэн тус аймгийнхан Турк , Кувейт, Энэтхэг, Япон зэрэг улсуудаас болон Дэлхийн банк, Улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар гэх мэт тусламжийн байгууллагуудаас мөн тусламж хүсчээ. Дайны хажуугаар дажин гэгчээр Баян-Өлгий аймагт тулгарсан энэхүү гамшгийг далимдуулж хувь хүмүүс тухайн аймгийн иргэдэд туслах нэрийдлээр данс нээн, мөнгө залилж байгаа хэрэг гарч байгааг аймгийн ЗДТГ-ынхан хэлж байна.