Энэ удаагийн УИХ-ын нөхцөл байдал их л сонин уур амьсгалтай болчихлоо. Учир юу вэ гэвэл өнөөдөр МАН-ын нөхдүүд УИХ-ын дарга М.Энхболд болон түүний тойрон хүрээлэгчдийг 60 тэрбумын хэрэгт яллаж байна. Мэдээж үүний гол хариуцлагыг ардчилал, шударга ёсыг дээдлэгч гэгддэг МАН-ын нөхдүүд өөрсдөө хариуцах ёстой нь тодорхой. МАН анх сонгуульд ялж гарч ирчихээд маш олон сайхан амлалт үүрэг авч ард түмнийхээ төлөө морь нохой мэт зүтгэнэ гэж ярьж байсныг бүгд л санаж байгаа байх. Хамгийн сонирхолтой нь МАН-ынхан дотор олигтой лидер огт байдаггүй юмуу ямар учиртай юм бүү мэд, очиж очиж М.Энхболд гэдэг хөдөөний маягийн нэгэн болхи эрийг УИХ-ын даргаар тавчихаж билээ. Гэтэл нөгөөдөх нь УИХ удирдаж байгаа нь энэ гээд гээд ёстой л холион бантан хутгаж орхисон.
М.Энхболдыг Ерөнхий сайд байх үед энэ улс дээшилж дэвшсэнгүй ,харин ч уруудаж доройтсон гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Ерөөс М.Энхболд гэгч хэн бэ? гэдэг нь өөрөө их сонин асуулт. Хагас дутуу боловсролтой ,эдийн засгийн талаар ёстой “А” ч байхгүй, хэл ус ч мэдэхгүй тийм л нэг бүрхэг сонин эр. Түүнийг засаг удирдах хугацаанд улс орны эдийн засаг доошоогоо ёроолгүй гулсаж, ёстой л хар Африкийн жишиг рүү дөхөж очсоныг хэн хүнгүй мэднэ. Бас авлига, хээл хахуулийн гэмт хэргийн хэрүүл уруул огт тасарддаггүй байсныг ард түмэн мэднэ. Ямар сайндаа л өнөөдөр тэрээр 60 тэрбумын хэрүүл болон бусад асуудлаар намынхаа нөхдүүдээсээ зэмлэл хүртэж суухав. Уул нь хүмүүс МАН-д ам сайтай байсан цаг саяхан. Ард түмэн л анх ардчилал шударга ёсыг эрхэмлэн дээдлэгч, өнөөгийн дэлхий дахины парламентаризмд илүү ойр дөт нам гээд тэднийг уухайлан дэмжиж байсан. Тиймдээ ч тэд өнгөрсөн сонгуульд хол илүү санал авч засаг удирдахаар болсон байх. Гэтэл юу болов? Өмнөх сонгуулиар ялж гарч ирсэн МАН улс орныг сүйрлийн ирмэгт аваачих дээрээ тулж байна. Эдийн засаг хямарлаа, үүнийг дагаад инфляци огцом өслөө, улсынх нь данс нэмэгдсэнгүй, гадаад өр нэмэгдлээ, улс орон уналтанд орлоо. Нөгөө эдийн засаг сайжруулна гээд байсан хаана байна ? Бүгд худал байжээ.
Үлгэр ингээд дууссан юм болов уу гэсэн чинь бас үгүй юмаа. МАН-ын нөхдүүд саяхнаас хоорондоо толхилцож эхэлэв . Өнөөх хөдөөний болхи эр чинь өөрийгөө 60 тэрбумын хэрэгт ямар ч буруугүй хэмээн мэдэгдэв. Түүний бодлоор бол энэ бүх хор найруулга, баривчилгааны ард Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд байна гэж үзэж байгаа бололтой. Гэтэл У.Хүрэлсүх чинь уул нь М.Энхболдын гайгүй сайн найз байсан хүн шүү дээ. Тэр хоёр хүн нэгэн цагт “ижил хоёр шувуу шиг ижилдээд хоёулаа явъя” гэдэг шиг хүзүү сээрээрээ холбогдоод салж чадахгүй явж байсан. Харамсалтай нь одоо ийм болчихдог байжээ хөөрхий. МАН-ын дараагийн нэг паян бол олноо “Харвард Л.Оюун-Эрдэнэ” хэмээн алдаршсан УИХ-ын эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнэ янз бүрийн эсэргүүцэл өрнүүлж, “УИХ-ын чуулган дээр 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол явуулахыг шаардсан үйл явдал болсон явдал юм. Харин тэр үед МАН-ын удирдлагууд ч үүнд нь ихээхэн эгдүүцэж дургүйцлээ илэрхийлж байв.
Ингээд бодохоор МАН гэдэг улс төрийн хүчин маань өөрөө намын хувьд төлөвшиж байр сууриа олсон улстөрийн байгууллага мөн үү гэдэг нь эргэлзээтэй санагдаж байна. Тус намынхан өмнө нь Ж.Эрдэнэбатыгаа огцруулж, дараа нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон. Харамсалтай нь тэртээ тэргүй ийм богинохон хугацаанд түүний Засгийн газар эдийн засгийг сайжруулж чадна гэдэг нь юу л бол. Дусал залгаад ч нэмэргүй. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд МАН улс орныг удирдаж авч явж чадах чадваргүй нам гэдгээ ард түмэнд харуулчих шиг боллоо. Эрдэмтэд судлаачид, жирийн иргэд ч тэгэж дүгнэж байна. Гэтэл одоо УИХ-ын ээлжит сонгууль хаяанд тулчихаад байна. Яг үүнийг хүлээж байсан юм шиг сөрөг хүчин болох АН-хан өдгөө сөрөг давшилтанд орж эхэллээ. Бусад намууд ч сонгуульдаа эрчимтэй бэлтгэн ханцуй шамлан дайрч эхэлж байна. Мөн үүний зэрэгцээ ирэх сонгуулиар бие дааж нэрээ дэвшүүлэгчдийн тоо урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ихэсэх нь тодорхой. Нөгөө урлагийнхан, нөгөө шалдан нүцгэн дуулдаг хуурддаг хүмүүс, бөхчүүд УИХ-д хүчээ үзэхээр дайрч эхэлэх нь бас тодорхой. Өнөөгийн нөхцөл байдал ийм байгаа болохоор ирэх сонгууль маш их өрсөлдөөнтэй болох байх хэмээн ард иргэд битүүхэндээ тааварлацгааж байна. Харин нөгөө худал яригчид маань яадаг бол? Дахиад л худал хуурмаг юмаа ярьж, хороо найруулаад байвал тэд ч ёстой л нөгөө “байнд ч үгүй банзанд ч үгүй” гэдэг шиг л болох вий дээ.