Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа.
2015 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил зогссон. Нийт 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хөрөнгөгүйн улмаас 2015 оноос ажил нь зогссон. Засгийн газраас авсан бодлогын хүрээнд төмөр зам барих ажлыг эрчимжүүлэхээр орууллаа.
Тавантолгойн төмөр зам барих хөрөнгө оруулалтыг, Монголын талын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын 51 хувийн хөрөнгө оруулалттай “Тавантолгойн төмөр зам” гэсэн төмөр замын компани байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
Хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас оруулахаар тогтоолуудад тусгасан. Эхний ээлжид шинэ компанид нийтдээ 17-34 хувийн хөрөнгө оруулалт оруулна. Дараагаар нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь зайлшгүй. 49 хувьд гадны хөрөнгө оруулалт оруулах бололцоогоор хангана. Үндсэндээ Монголын хувь нь 51 байхаар төмөр замын компанийг байгуулах шийдвэр гаргалаа” гэв.
Сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-“Тавантолгой төмөр зам” компанийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
– Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор болсон. Төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулан санхүүжүүлэх юм. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хариуцна. ’’Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагчдаас судлан хэлэлцээ хийж, үр дүнг энэ онд багтаан танилцуулахаар болсон.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин буюу 20-25 ам.доллараар хямд зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүргэх юм. Төмөр замыг даган орон нутагт ажлын байр нэмэгдэж, байгаль орчны доройтол, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол ч буурна гэж тооцоолж байна.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн тооцоолж байна ю?
-Хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас оруулахаар тогтоолуудад тусгасан. Эхний ээлжинд шинэ компанид нийтдээ 17-34 хувийн хөрөнгө оруулалт оруулна. Дараа нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл, 49 хувьд гадны хөрөнгө оруулалт оруулах бололцоогоор хангана. Үндсэндээ Монголын хувь нь 51 байхаар төмөр замын компанийг байгуулах шийдвэр гаргалаа.
-Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх вэ?
-“Монголын төмөр зам”-ын оруулсан хөрөнгө оруулалт нийтдээ 279 сая ам.доллар байгаа. Бид нийтдээ 100-200 гаруй сая ам.долларыг эхний ээлжинд оруулна гэж урьдчилан тооцож байна. Нүүрсээ урт хугацаанд худалдаалах гэрээ хийх хүрээнд хөрөнгө оруулалт хийхээр төсөөлж байгаа.
-Олон улсын зах зээлд IPO гаргаж хөрөнгө оруулалт босгох талаар мэдээлэл өгөхгүй юу?
-“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээлд IPO босгох үйл ажиллагаа явж байгаа.“Эрдэнэс Тавантолгой” компани Монголын Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын компанид хувь нийлүүлж оруулснаар цааш цаашдынх нь IPO хийхэд хөрөнгө оруулалтынх нь үнэлгээ нэмэгдэх бололцоо хангагдана.
-“Эрдэнэс Тавантолгойн” эрхийг шилжүүлэх шийдвэрийг мөн гаргасан гэсэн?
-“Эрдэнэс Таван-толгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилсон. Одоогоор Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалахаар бэлтгэлээ хангаж байна. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан энэ ажлыг хийх чадвартай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зайлшгүй шаардлага үүссэн учраас энэ чиглэлээр шуурхай ажиллахаар боллоо.