Улс
төрийн намуудын, ялангуяа жижиг гэгддэг намуудын хувьд сонгуульд амжилт гаргах,
УИХ-д суудал авах, эсэх нь хамтрагчаа хэрхэн сонгохоос шалтгаалах тул намын
дарга нар рейтингийг нь дээш нь татдаггүй юм гэхэд доош нь чангаахгүй, замын
дундаас эргэж буцахгүй замын хань олох эрэлд мордоод буй. Сонгууль дөхөх тусам
элдэв янзын эвслийн тухай яриа энд тэндээс сонсогдож, хувилбарууд нь олширч
байна. МАХН, Ногоон нам хамтрах тухай ярилцаж буй. МҮАН, ЭОН, ИЗНН эвслийн
нэрээ хүртэл тогтсон талаар манай сайт мэдээлсэн.
Тэгвэл
дахин нэг эвслийн сураг сонсогдоод эхэлж. Энэ нь МАНАН-гийн эсрэг зогсох жижиг
намуудын эвсэл гэнэ. Ирэх сонгуульд ХҮН, Уламжлалын нэгдсэн нам, Ногоон нам,
Бүгд найрамдах нам зэрэг 11 нам эсвэл байгуулж оролцохоор болсон, уг эвслийг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар толгойлно гэсэн мэдээлэл гарчээ. Энэ мэдээлэл үнэн
бодитой эсэхийг тодруулахаар нэр дурдагдсан намын дарга нартай холбогдлоо.
Бүгд
найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай холбогдоход \”Ийм эвсэл байгуулагдаж
магадгүй, ийм эвсэл байгуулагдвал манай нам орж магадгүй байх” гэсэн
\”бөөрөнхий” хариу өгөв. Харин ХҮН-ын дэд дарга С.Боргил \”Худлаа мэдээлэл байна.
Манай нам тийм эвсэлд орохгүй. Байсхийгээд л хүмүүс ийм мэдээ бичүүлэх юм”
гэсэн бол Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч \”Бидэнд ийм санал ирсэн.
Гэхдээ энэ эвсэлд орох, эсэхээ намынхаа хурлаар ярилцаагүй, эцэслэн шийдээгүй
байна. Ийм олон нам нийлж эвсэл боллоо гэж бодоход цаашид сөрөг үр дагавар,
эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Сонгуулийн хуульд \”Эвсэл болж орсон намуудын нэг нь
эвслээс гарвал эвслийг тэр чигт нь хүчингүй болгоно” гэсэн заалт бий. Эвсэл
болж СЕХ-нд бүртгүүлээд, сонгуулийн сурталчилгаагаа эхлээд явж байтал нэг нам
нь эвслээс гарлаа гэвэл яах вэ.
Эвсэл хүчингүй болно. Ингэвэл эвслээс нэр
дэвшсэн хүмүүс сонгуульд оролцож чадахаа болино. Саяхны ХҮН дотор болсон шиг
зүйл болж, дотроос нь өөр нэг дарга гарч ирээд, манай нам энэ эвсэлд нэгдээгүй
гээд явчихыг үгүйсгэхгүй шүү дээ. Олон нам эвсэхийн нэг аюул нь энэ. Ийм учраас
бид намуудад нэгдэж, нягтрахыг уриалахдаа эвсэл хэлбэрээр биш, татан буугдаад
манай намд нэгдээд явахыг санал болгож байгаа. Манай намын хувьд МАХН-тай
хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Түүнийхээ үр дүнг үзэх бодолтой байна”
гэв.
Жижиг
гэгддэг намуудыг нэг дээвэр дор цуглуулах ажлыг санаачлан, зохион байгуулагчдын
нэг Уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд \”Бид энэ сонгуульд МАНАН ба бусад
улс төрийн хүчнүүд гэж оролцох бодол өвөрлөж, намуудтай ярилцаж, уулзалдаж
байна. Яг тохиролцсон зүйл алга. Санал солилцож, байр сууриа нэгтгэж байна.
Тийм амар санаагаар болохгүй л юм шиг байна” гэлээ