Хуралдаанд асуудлыг танилцуулсан Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар \”Монголын Үндэсний музей нь 55 мянга гаруй үзмэр, жилд 80 гаруй мянган үзэгчтэй. Сүүлийн жилүүдэд манай музейн урд талбайд иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж гэр барьж олон хонох тохиолдол эрс нэмэгдсэн. Жагсагчид тухайн орчны эд хогшил, хөшөөг эвдэж, бие засах, гал түлэх, хоол хийх, хог хаях зэргээр бохирдуулдаг. Музейгээр үйлчлүүлж буй иргэд, ялангуяа бага ангийн сурагчдын багш, эцэг эхчүүд музей үзэх боломжоор хангах, аюулгүй байдлыг хангаж өгөх гомдол, хүсэлтийг удаа дараа ирүүлж байна. Мөн жилийн дөрвөн улиралд манайхыг зорьдог гадаадын жуулчдын тав тух, аюулгүй байдал ч хөндөгдөж байгаа юм” гэдгийг онцлоод тухайн хэсэг тохижилтын ажил хийх гэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр \”Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/287 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монголын Үндэсний музейн үзмэрийг хамгаалах, үйлчлүүлж буй гадад, дотоод иргэд, олон нийтийн аюулгүй байдал, тав тухтай үйлчлүүлэх нөхцөл, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулах зорилгоор хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө орчимд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Нийслэл, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт зүйлсийн жагсаалтад орчон соёлын үл хөдлөх дурсгалын орчимд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлт гаргасн иргэдийн эрхийг хангаж, жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгож байхыг дүүргүүдийн Засаг даргад үүрэг болгожээ.