Дорнод аймгийг улстөрчид \”таах аргагүй тойрог” хэмээн нэрлэж, тийшээ зүглэхээс битүүхэндээ жийрхдэг гэдэг. Үүний учрыг Монгол Улсад анхны парламент үүссэн 1992 оноос хойших УИХ-ын сонгуулийн дүнгээс харж болно. Дорнод аймгийг улстөрчид \”таах аргагүй тойрог” хэмээн нэрлэдэг.
Тухайлбал, 1992 онд дорнодчууд МАН (тухайн үеийн МАХН)-д итгэл хүлээлгэж, Д.Базарсад, Ц.Төрмандах, Д.Дагвасүрэн нарыг анхны парламентын гишүүд болгосон. Харин дараагийн буюу 1996 оны сонгуулиар \”АХ” эвслийг сонгож, Д.Энхбаатар, С.Зориг, С.Билэгсайхан нар ялалт байгуулж байлаа. 2000 оны УИХ-ын сонгуулиар МАН- ын нэр дэвшигч Б.Баатарзориг болон Д.Базарсад нар ялалт байгуулсан бол ИЗНН-аас нэр дэвшсэн С.Оюун нэг мандатыг өвөртөлсөн юм.
Харин 2004 онд МАН-аас Д.Одбаяр, \”Эх орон- Ардчилал” эвслээс М.Зоригт, Ж.Батхуяг нар сонгогдсон түүхтэй. Тэгвэл 2008 оны сонгуулиар дорнодчууд МАН- аас нэр дэвшсэн Д.Одбаяр, Ц.Шинэбаяр болон Ардчилсан намын П.Алтангэрэлд итгэл хүлээлгэж, УИХ-д \”илгээсэн” юм.
Ийнхүү гурван мандаттай байсан Дорнодын тойрог 2012 оны УИХ-ын сонгуулиар хоёр мандаттай болж, Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нар Дорнод аймгийн ард түмнийг төлөөлөн өдгөө УИХ-д сууж байгаа билээ.
74 мянган хүн амтай тус тойрогт энэ удаа нэр дэвшиж өрсөлдөхөөр товлож байгаа хүн цөөнгүй байна. Урьдчилсан байдлаар Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нар дахин нэр дэвших ажээ. Гэхдээ Х.Болорчулууны хувьд өмнөхийн адил бие дааж бус харин МАН-д элсэж Дорнодын тойрогт нэр дэвших гэж байгаа бололтой. Хэдийгээр МАН-д элсэнэ гэх энэ яриаг Х.Болорчулуун гишүүн үгүйсгэж байгаа ч ойрын эх сурвалжууд баталж байна.
Хэрэв Х.Болорчулуун МАН-д элсэхээр яригдаж байгаа хувилбараа дагахгүй бол Дорнодоос хоёр ч удаа сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Одбаяр хүч үзнэ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт Хууль зүй, дотоодын хэргийн сайдаар ажиллаж байсан тэрбээр 2012 оны УИХ- ын сонгуульд ялагдал хүлээж, төрсөн нутагт болох Дорнодод амьдрах болсон.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа \”Х.Болорчулууны хувьд МАН- д шинээр элсэнгүүтээ намаас мандат авах гээд байгаа ч юм биш. МАН-ын гишүүнчлэлээ сэргээх тухай л яриа бий. Тиймээс талархан хүлээж авах хэрэгтэй” хэмээн дурдсан байсан нь мандатын төлөөх марафон өрнөж байгааг илтгэж байна.
Нөгөө мандатын эзнээр тодрох сонирхол олон хүнд бий. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд намын жагсаалтын дээгүүр бичигдэх боломж \”хайж” байгаа. Гэхдээ тойргоо \”тойглож”, давхар боломжийн эрэлд гарсан. Товчхондоо, Дорнодын тойрогт Н.Номтойбаяр, Д.Одбаяр, Х.Болорчулуун гэх МАН-ын гурван нэр дэвшигч хоёр мандатын төлөө өрсөлдөж байна.
Гэхдээ Дорнодын тойргийг \”онилсон” дээрх гурван эрхэмтэй зуузай холбох хүсэлтэй намын журмын нөхөр нэг бий. Тэр нь УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр. Чойбалсан хотын захирагчаар олон жил ажилласан н.Баттөмөрийн хүү тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа нам нь итгэвэл УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд бэлэн байгаагаа дурдсан байсан.
Харин эрх баригч намаас Зам тээврийн сайд М.Зоригт тус тойрогт нэр дэвшихээ албан ёсоор зарлаад буй. Тэрбээр өмнө нь Дорнодод хоёр удаа өрсөлдөж, нэг удаа ялж байсан билээ. УИХ-ын 2012 оны сонгуулиар Сүхбаатар аймгаас сонгогдсон тэрбээр намын гишүүддээ амласан амлалтын дагуу ийнхүү тойргоо өөрчилж, Дорнодыг онилсон юм. Товчхондоо, Сүхбаатарын Засаг дарга Ж.Батсуурьт боломж олгосон гэсэн үг.
Нөгөө мандатын эзнээр тодорчих сонирхол олон хүнд бий. Тухайлбал, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн С.Билэгсайхан, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, Дорнодын Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг нар тус тойрогт нэр дэвшихэд бэлэн байгаагаа намын даргадаа уламжилжээ.
Үүнээс гадна Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байсан, 2008-2012 оны парламентад тус аймгаас сонгогдсон П.Алтангэрэлд хүч үзэх сонирхол бий. 2012 онд шинэхэн байгуулагдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн сонгуульд 300 хүрэхгүй саналаар дутаж, гуравт эрэмбэлэгдсэн юм. Товчхондоо, Дорнодоос олон санал цуглуулдаг Ардчилсан намын нэр дэвшигчийн л нэг.
Д.Цэрэнчимэгийн хувьд Ардчилсан намаас намын хороог даргалах болсон анхны эмэгтэй гэгддэг. Намын дарга нь түүний нэрийг дэд сайдад хүртэл дэвшүүлж байсан боловч орон нутгаас үүнийг нь эсэргүүцэж, төв намдаа шаардлага хүргүүлж байсан билээ.
Эрх баригч намын сонголт хэн байхаас хамаарч тус тойрогт бие даагч төрөх магадлал өндөр байгаа. Тухайлбал, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар оны өмнөхөн ажлаа өгч, Дорнодыг \”тойглож” эхэлсэн. Хэрэв намаас мандат өгөхгүй бол бие дааж нэр дэвшихээ албан бусаар мэдэгдээд буй. Тэрбээр УИХ- ын сонгуульд өмнө нь хоёр удаа нэр дэвшиж, Сүхбаатар аймагт өрсөлдсөн боловч ялагдал хүлээж байсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас мандат авч чадвал Дорнодыг зорих бодолтой байгаа. Эрдэнэтийг \”тойглоод” байсан тэрбээр өнгөрсөн онд сонголтоо өөрчилж, Дорнодыг зорих болсон юм.
Б.Даваатогтох
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин