Өчигдөр үдээс хойш Төрийн ордонд МАН, МАХН-ын хамтарсан ажлын хэсгийн ахлагчид болох УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, хоёр нам 2016 оны УИХ-ын сонгууль болон НИТХ-ын сонгуульд эвсч орох болсныг мэдэгдлээ.
Үүнээс өмнө хоёр нам дотоод хурлаараа хоорондоо эвсч сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Үүнтэй холбогдуулан хоёр нам харилцан тохиролцож 51:25 гэсэн зарчмаар нэр дэвшигчдээ хуваарилахаар болжээ. Тодруулбал, ирэх сонгуульд МАН-аас 51 хүн, МАХН-аас 25 хүн нэр дэвших аж.
Тэгвэл МАН-ын 51 хүний 33 нь тойрогт нэр дэвших бол 18 нь намын жагсаалтар хамрагдана. Харин МАХН-ын 25 хүний 15 нь тойрогт, 10 нь намын жагсаалтад багтах юм байна. Хоёр нам ингэж тохиролцохдоо өнгөрөгч 2012 оны сонгуулийн үр дүнг харгалзан үзсэн гэнэ. Харин Эвслийн даргаар МАН-ын дарга М.Энхболдыг, Удирдах зөвлөлийн даргаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилжээ. Гэхдээ Эвслийн дарга, Удирдах зөвлөлийн дарга адил эрхтэй, харилцан хориг тавих зарчмаар ажиллана хэмээн заажээ. Мөн хоёр намын гишүүд болон нэр дэвшигчдийг шалгах, хорих, сонгуульд оролцуулахгүй байх бүхий асуудалд хамтран тэмцэж, улстөрийн хэлмэгдүүлэлтийг зогсооно гэжээ. Ямартай ч, МАН, МАХН тууштай хамтарч ажиллаж, хариуцлагаа хамтдаа үүрнэ хэмээжээ.
Төгс