Урин дулаан цаг ирж, урьдын адил бороо орж, ус зайлуулах шугамгүй зам, талбай усаар дүүрэх цаг айсуй. Энэ үеэр зарим жолоочид явган зорчигчид уруу санаатайгаар шалбааг цацдаг нь үнэн. Үүнээс улбаалж нэгнийнхээ эд хөрөнгө, бие махбодид ноцтой хохирол учруулсан тохиолдол бишгүй гарсан. Ер нь өнгөрсөн хугацаанд замын хажуугаар явж буй явган зорчигчид уруу жолооч нар санаатай болон санамсаргүй шалбааг үсэргэхэд тэр бүрт явган зорчигчид л хохироод үлддэг байсан. Харин цөөн хэдэн хүмүүсийн хувьд арай өөр байсан. Замын цагдаад ажилладаг нэгэн эр рүү амралтын өдөр 20 гаруй насны хоёр залуу автомашинаараа санаатайгаар шалбааг цацаж, онгорхой цонхоороо инээлдэн зугтахад уурссан замын цагдаа \”Такси зогсоож, би замын цагдаа байна. Тэр машиныг хөө\” хэмээн хөдөлж, эрхийг нь хассан.
Харин энгийн иргэдийн хувьд энэ мэтчилэн өөрсдийгөө хамгаалж, арга хэмжээ авхуулж чаддаггүй. Тэгвэл \”Хэрвээ хэн нэгэн жолооч таныг замын хажууд зогсож байхад санаатайгаар шалбааг үсэргэж өнгөрвөл: дугаар маркийг нь тогтоогоод цаг минуттай нь ЗЦГ-ын 124, 93021124 гэсэн утсаар холбогдож мэдээлвэл жолоочийг нь олж эргээд таньтай холбогдож хохирлыг тань барагдуулж, жолоочид Замын хөдөлгөөний тухай хуулиар торгууль эсвэл эрх хасах арга хэмжээ авна” хэмээх мэдээлэл цахим сүлжээгээр цацагдсан. Үүнийг олон ч хүн дэмжсэн. Харин ЗЦГ-аас \”Хуулиндаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд л эрх хасдаг. Түүнээс явган зорчигч уруу санаатай болон санамсаргүй шалбааг цацсан гээд эрх хасах хууль эрх зүйн орчин байхгүй\” гэдгийг хэлсэн. Тиймээс явган зорчигч уруу санаатай болон санамсаргүй шалбааг цацсан жолоочийг зөвхөн торгох арга хэмжээ авах аж.
Нинж