Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон байна. Тэгвэл Эрүүгийн шинэ хуулийг эмч мэргэжилтнүүд эсэргүүцэж, нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардан мэдээлэл хийлээ. Тэд эсэргүүцлээ илэрхийлэн \”Монголын шорон эмч сувилагчдаар дүүрэх үү” нэртэй хэвлэлийн хурал зарласан юм. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б. Мягмар, эмч, өмгөөлөгч Э.Ганбат нарын хүмүүс оролцов.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15.1 дүгээр зүйлд \”Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эдлэнэ. Эсвэл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэж заажээ. Энэ нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагатай адил байна гэж үзэж буйгаа Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар хэллээ. Тэрбээр \”Тус хуулийн 10.1 зүйлд хүнийг санаатай алдсан тохиолдолд 8-15 жилийн хорих ял эдэлнэ гэж заасан нь эмнэлгийн мэргэжилтэн болгоомжгүйгээр үйлчлүүлэгчид Хүнд хохирол учруулах эсхүл нас барсан тохиолдлын эрүүгийн хариуцлагыг дээд хэмжээтэй адил байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Эмнэлгийн мэргэжилтний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулиар гэм буруугийн Болгоомжгүй хэлбэрт хамаардаг байсан бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар санаатай үйлдсэн гэм буруугийн хэлбэрт хамааруулж эрүүгийн хариуцлагатай адил хэмжээтэй оногдуулсан нь буруу гэж бид үзэж байна” хэмээв.
Мөн эмч, өмгөөлөгч Э.Ганбат \”Хамгийн хатуу хуультай Хятад улсын Эрүүгийн хуульд эмнэлгийн мэргэжилтэнд оногдох ялын дээд хэмжээ 3 жил, ОХУ-д дөрвөн жил байна. Гэтэл энэ улс орнуудтай харьцуулахад эрүүл мэндийн сайдгүй, эрүүл мэндийн даатгал менежментийн бодлого алдагдсан, эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн зэрэг эмнэлгийн мэргэжилтнээс шалтгаалахгүй эрсдэл өндөр байхад дан ганц эмнэлгийн мэргэжилтэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь шударга бус гэж бид үзэж байна” хэмээлээ.
Эх сурвалж: TIMES.MN