Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” есдүгээр сарын 22-нд буюу Бямба гарагт болно. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй автомашингүй өдрийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор зам тээврийн осол болон автомашины хор хөнөөлийн талаар олон нийтэд таниулах, автомашины хэрэглээг багасгах, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг олон нийтэд уриалж, олон төрлийн тэмцээн уралдаан, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.
“Автомашингүй өдөр”-өөр Энхтайвны өргөн чөлөө Баруун 4 замаас Зүүн 4 зам, Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам, Бээжингийн гудамж буюу Сансарын тунелиэс ШУТИС-ын уулзвар, Залуучуудын гудамж буюу ШУТИС-ын уулзвараас Байгалийн түүхийн музей, Сөүлийн гудамж буюу Өгөөжийн уулзвараас Драмын театрын уулзвар, Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цагийн хооронд тус тус хязгаарлаж, иргэдийг унадаг дугуйгаар зорчих, алхах боломжийг бүрдүүлэн ажиллана.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй бүсчлэл болон бүсчлэлээс гадуур иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийт 260 гаруй алба хаагч ажиллах юм.