БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй V ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнээс бүтээн байгуулалтын цаг үеийн мэдээ ирүүллээ. Манай цэрэг эрс энхийг сахиулах үндсэн үүргээсээ гадна сайн дурын үндсэн дээр бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна. Хурандаа Б.Баатар захирагчтай батальоны бүрэлдэхүүн НҮБ-ын RRP, OCHA зэрэг байгууллагатай хамтран \”Түргэн хэрэгжих төсөл”-ийн хүрээнд Бентью хотын эм
нэлгийн 4 өрөөг засч, шинээр тохижуулсан байна. Заслын ажлыг 7 хоногийн хугацаанд явуулсан бөгөөд эмнэлгийн зөвөлгөө өгөх өрөө, лабораторийн болон эмч нарын ажлын өрөөнүүдийн хана, тааз, шал, цонхыг засаж будсанаас гадна өрөөнүүдэд хэрэглэгдэх ширээ, сандлуудыг шинээр хийж, хүлээлгэн өгчээ.Тус улсад болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас Бентью хотын эмнэлгийн барилга ихээхэн муудаж, өвчтөн хүлээн авч, эмчилгээ явуулахад хүндрэлтэй байсан учраас ийн засварласан байна. Шинээр тохижуулсан өрөө, тасалгааг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахара, батальоны захирагч хурандаа Б.Баатар болон НҮБ, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирснээс гаднаБентью хотын Засаг даргын орлогч ноён Жон Жуар Ёоч болон САЧА-ийн 4 дүгээр дивизийн удирдлага, иргэд оролцжээ. Мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахара хэлсэн үгэндээ \”Энхийг сахиулагчдын эрхэм үүрэг бол энгийн иргэдийг хамгаалах, тэднийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэдэг. Энэ ч утгаараа уг төслийн ажил нүдээ олсон арга хэмжээ боллоо. Эвдрэл, гэмтлээс болж ашиглагдахаа больсон өрөө, тасалгааг сэтгэл гарган маш сайхан засч тохижуулан та бүхэнд хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон Монголын энхийг сахиулагчдад зүй ёсоор талархах хэрэгтэй” гэжээ. Харин Бентью хотын Засаг даргын орлогч ноён Жон Жуар Ёоч хэлэхдээ \”НҮБ болоод Олон улсын бусад хүмүүнлэгийн байгууллагууд манай иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад бүх л талаар тусалж дэмжиж байдагт талархаж байна. Тэр дундаа эмнэлгийн үйлчилгээг хүртэх боломжийг дээшлүүлсэн энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэсэн монголын энхийг сахиулагчдад баярлалаа” гэсэн байна. Мөн нээлтийн ажиллагаа Олон улсын сувилагч нарын өдөр тохиосон бөгөөд тус хотын эмнэлгийн сувилагч нарт батальоны зарим сувилагч нар арга зүйн зөвөлгөө өгч, туршлага сургамжаасаа хуваалцжээ.