Нийслэл 2016 оны төсөвтөө тодотгол хийж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд 20 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар болжээ. Гэхдээ хөрөнгө оруулалтын мөнгийг 2015 оны төсвийн орлого давж биелсэн 11 тэрбум 159.9 сая, ашиглаагүй үлдэгдлээс хоёр тэрбум 570 сая, энэ оны урсгал зардлын хэмнэлтээс гарсан дөрвөн тэрбум 580 сая төгрөг зэргээс бүрдүүлнэ гэсэн юм. Гурван жилийн өмнөөс эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгын 38 компани найман дүүргийн 37 хорооны нутаг дэвсгэрийн 1500 га газарт 7374 айлын орон сууц барьж байна. Үүнээс 2014 онд 588, өнгөрсөн жил 1069 айлын орон сууц шинээр ашиглалтад оржээ. Мөн 500 өрхийн 2100 иргэн хашаагаа байраар солиод буй юм. Харин 2016 ондоо багтан гэр хорооллын хашаа байсан газарт 4044 айлын орон сууц ашиглалтад орохоор ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний зургаан сард 1104 айлын орон сууц бэлэн болж, 4000 орчим иргэн шинэ байр руугаа нүүж ирэх юм.
Мөн хотын удирдлагууд нийслэлийн Орон сууцны корпорацийг /НОСК/ хувьцаат компани болгон өөрчилж, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хэрэгтэй мөнгө босгохоор тооцжээ. Давхар үнэт цаас гарган зах зээлээс хүү багатай, хугацаа урттай хөрөнгө санхүү татах эрхтэй болгохоор бэлдэж буйгаа тодотголоо.
Нийслэлийн төсвийн 20 тэрбум төгрөг болон банкууд НОСК-ийн үнэт цаас худалдан авсанаар бүрдэх эх үүсвэр илүү хямд болох юм байна. Нөгөө талдаа Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол зэргийг бууруулах нэг гарц болно гэж Э.Бат-Үүл хэлэв.