Булган аймгийн Бүрэгхангай сумын үндэсний сурын хаалтын харваа буюу “Отго сурын харваа”-г сумын Үндэсний сурын холбоо, Бумбат багийн малчин Х.Цогтбаярын гэр бүлтэй хамтран зохион байгуулсан байна.
Нийт 20 гаруй харваач цэц мэргэнээ сориход отго харваанд эрэгтэй сурчдаас спортын мастер М.Лхагвасүрэн түрүүлж, спортын мастер аймгийн мэргэн Д.Мөнхдорж, спортын мастер, аймгийн мэргэн Д.Галбадрах, залуу харваач М.Бямбадорж, Д.Мөнх-Эрдэнэ нар эхний байрт шалгарсан байна.
Эмэгтэй харваачдаас спортын мастер, аймгийн мэргэн Б.Баярцэцэг нэгдүгээр байр, сумын мэргэн спортын нэгдүгээр зэргийн харваач Б.Уянга, аймгийн мэргэн Б.Цэнгэлмаа, спортын дэд мастер, аймгийн мэргэн Л.Энхзул, сумын мэргэн Д.Саранчимэг нар удаалжээ. Тус суманд үндэсний сурын харвааг эртнээс уламжлан хөгжүүлж ирсэн бөгөөд жил бүр нээлт, хаалтын сурын харвааг зохион байгуулдаг аж.