Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан улс төрчдийн дуулиан тасрахгүй үргэлжилсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дүү Б.Одончимэг энэ сангаас 800 сая төгрөгийн зээл авчээ. Харин үүнийг нь төрийн түшээ ах, эгч хоёр нь мэдсэнгүй явж байсан байх юм.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дүүгийнхээ өмнөөс уучлалт гуйсан бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү дүүгийнхээ өрийг дарж дээр нь хоёр тэрбум төгрөг өгнө гэв. Үнэхээр л дүүдээ мөнгө өгч чадах л байсан юм бол яагаад ЖДҮХС-аас зээл авч, нэр алдраа цуурайтуулах хүртэл нь тоосонгүй вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Б.Наранхүү гишүүн “Айлаас эрэхээс авдраа ух гэгчээр хүн хажуудаа ямар эрдэнэ нуугдаж байгааг анзаардаггүй шүү дээ. Өөрийнхөө дүү болохоор чи чадах юм уу л гэж харсан. Хийж байгаа зүйлийг нь анхааралтай үзлээ. Ер нь тэгдэг шд. Дүүгээ болохоор байж бай гэчихээд шал танихгүй бөхөд тусламж үзүүлээд явдаг. Тийм болохоор хажуу дахиа анзаарч байх хэрэгтэй юм билээ” гэсэн хариултыг өгөв.
Дундговь аймгаас хоёр ч начин төрсөн байдаг. Тэдний мөнгийг буюу начины найрааны мөнгийг Б.Наранхүү гишүүн өгсөн гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр дүүдээ мөнгө өгдөггүй хэрнээ начины найранд мөнгө харамгүй зардаг гэдгээ гишүүн өөрөө хүлээн зөвшөөрчихлөө.
Гэтэл гадаадад 12 жил сураад ирсэн эрдэнэ шиг дүү нь түүний хажууд бизнес хийчих гээд л явж байсан байна шүү дээ. Мундаг дүүтэй гэдгээ мэддэггүй “муу ах” байна даа. Мөн нэгэнт ийм сэдэв эхлүүлснийг эгчийнхээ улсаас авсан сургалтын төлбөрийг зээлийг ч бас төлчихвөл зүгээр болов уу. Тэгвэл ядаж муу ах ч гэсэн сайн дүү гэж дуудагдах ч юм билүү. Мөнгөтэй ах нарт хэлэхэд хажуу дахь эрдэнэ ээ анхаарч байгаарай.