Япон болон Хойд Солонгосын тагнуулын байгууллагын дээд албан тушаалтнууд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт уулзалдсан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэд өмнө нь арав дугаар сард мөн монгол улсад уулзсан билээ.
Уг уулзалтанд Хойд Солонгосыг төлөөлж Хөдөлмөрчдийн Намын Нэгдсэн Фронтын хэлтсийн дарга Ким Сон Хэ ахалж оролцсон байж магадгүй. Тэгвэл Японы төлөөлөгчдийг Ерөнхий сайд Шинзо Абэгийн шууд удирдлага доор ажилладаг Тагнуул, Судалгааны газрын дарга Шигэрү Китамура тэргүүлж оролцсон байна.
Умард Солонгосын талтай уулзахдаа Японы тал өмнө нь хулгайлагдсан өөрийн иргэдийн талаар ярилцсан бөгөөд хоёр талын дээд удирдлага болох Шинзо Абэ болон Ким Жон У нарын уулзалтыг зохион байгуулах боломжийг хэлэлцлээ.
Өчигдөр Японы засгийн газрын мэдээллийн цагаар сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихиде Суга Монголд болсон уулзалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж хоёр орны удирдагчдын уулзалтыг зохион байгуулахын тулд хэлэлцэж байгаа гэхээс өөр мэдээлэл өгөөгүй байна.