Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Нанзаддоржийн Лүндэндорж, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Оросоогийн Зандраа, Пүрэвсүрэнгийн Батсайхан нарыг хүлээн авч, үнэмлэх гардууллаа.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан, анх удаа бие даан байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2 дахь бүрэн эрхийн бүрэлдэхүүн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр явагдаж, хуульд зааснаар анхан шатны Шүүгчдийн зөвлөгөөний 81.17 хувийн саналаар хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, давж заалдах шатны Шүүгчдийн зөвлөгөөний 99 хувийн саналаар Д.Эрдэнэчулуун нар тус тус улиран сонгогдсон бол Улсын дээд шүүхээс О.Зандраа, Хууль зүйн яамнаас П.Батсайхан нар төлөөлөл болон сонгогдлоо.
Үнэмлэх гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн ажилдаа орж байгаад талархал илэрхийлээд \”Хамгийн гол зүйл бол өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн шүүхийн шинэтгэлийг иргэдэд ойлгуулах, хүнд хүргэх ажилд хуулийн дагуу анхаарах хэрэгтэй. УИХ-аар Эрүүгийн, Зөрчлийн зэрэг гол гол хуулиуд батлагдлаа. Эдгээр хуулийг цаг хугацаанд нь хэрэгжүүлж, сайн ажиллаарай. Шударга ёс, хууль хэрэгжүүлэх чиглэлд явж байгаа бодлогыг буцалтгүй тууштай хэрэгжүүлэхийн төлөө баг болж ажиллаарай. Баяр хүргэе” гэлээ.
Тус арга хэмжээнд Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, хэвлэлийн төлөөлөгч П.Сайнбилэг нар байлцлаа.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс