УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дараа нь бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон. Уг хуулийн төслийг 2013 онд санаачилж УИХ-д өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байсан юм. Тиймээс энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжжээ.
Бүлгийн дарга С.Бямбацогт \”Нэмэлт өөрчлөлтөөр төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд оффшор данстай байхыг, оффшор компанид хувьцаа эзэмшихийг хориглосон заалт орж ирж байгаа. Үүнийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд гадаад улсын иргэн байхыг хориглосон, гадаадын иргэнтэй гэр бүл байхыг хориглосон заалтууд орж ирж байгаа. Мэдээж гадаад улсын иргэн байж Монгол Улсад төрийн өндөр албан тушаал хашина гэдэг хариуцлагагүй зүйл. Тийм болохоор энэ бол байж болохгүй. Харин Монгол Улсын иргэн гадаад улсын иргэнтэй хамт амьдарч төрийн албан тушаал хашиж болох уу, үгүй юу гэдгийг сайн бодолцох хэрэгтэй. Энэ бол хүний эрхийн асуудал. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх ёстой” гэв
Мөн АТГ-ын даргыг томилохгүй байгаа нь тодорхой зорилготой байж болзошгүй гэж хардаж буйгаа бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа илэрхийлэв. Тодруулбал, Л.Энх-Амгалан нарын гишүүд багтсан ажлын хэсгээс бондын зарцуулалтад хийсэн шалгалтын дүнг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх гээд дийлээгүй учраас АТГ-т МАН-ын бүлгийн бүх гишүүн хандсан ч өнөө хэр хэлэлцээгүй нь үүнтэй холбоотой байж болох юм гэв. Тиймээс дээрх шаардлагыг тус бүлгээс АТГ-т дахин хүргүүлэхээр болсон байна.
АН-ын дарга оффшор дансны дуулианд холбогдсон С.Баярцогт сайдыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлаж, бусад нам ч ийм алхам хийхийг уриалаад буй. Энэхүү уриалгыг МАН дэмжиж буй, эсэхийг мэдээллийн үеэр тодруулахад, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга \”Гэм буруутай нь тогтоогдож байж эрхийг нь хасах тухай ярих учиртай. Оффшорт нэр нь холбогдсон учраас нэр дэвшихийг нь хязгаарласан хуулийн заалт хаана ч алга. Өөрөөр хэлбэл, тийм хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл алга. Хууль, хяналтын байгууллагууд оффшор данстай байх нь хууль зөрчсөн үйлдэл мөн, эсэхийг тогтоох хэрэгтэй. Оффшор болгоныг муухай гэж хэлж болохгүй байх” гэсэн хариулт өглөө.