Сонгинохайрхан дүүргийн хувьд хамгийн олон хүн амьтай дүүрэг.
Тодруулбал, 300 мянга гаруй хүн энэ дүүрэгт амьдарч байна. Олонх нь орон нутгаас шилжиж ирсэн харьяаллын бус, ажилгүй иргэд амьдарч байна. Хүн ам олныхоо хэрээр уг дүүрэгт онц ноцтой хүн амины, хулгай дээрмийн гэмт хэргүүд ихээр гардаг ажээ.
Өнгөрсөн онд тус дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэргийн шинжтэй 10,400 дуудлага мэдээлэл хүлээн авсны 48 хувь нь хулгайлах хэрэг байжээ. Тиймээс дүүргийн прокурорын газар цагдаагийн хэлтэстэйгээ хамтарч өчигдөр иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. Харин энэ үед дүүргийн Прокурор Д.Отгонбаяр \”Өнөөдрийн байдлаар 20 орчим онц ноцтой хэргийг шалгаж байна. Хүн амины ноцтой хэргүүд ихэвчлэн ахуйн хүрээнд үйлдэгдэж байна. Ах дүү найз нөхдөөрөө нийлж, замбараагүй архидан согтуурч байхдаа нэгнийхээ амийг хөнөөж байна гэсэн үг. Тиймээс бид урьдчилан сэргийлэх ажиллагаа зохион байгуулж буй. Үүнээс гадна архинд хордох мэтээр золгүй байдлаар амиа алдсан тохиолдол цөөнгүй байгаа” гэлээ.
эх сурвалж: zaluu.com