Дайны хажуугаар дажин гэгчээр иргэний дайны хөлд талхлагдсан Ойрхи Дорнодод аймшигт хорхой тархсан талаар НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Мах иддэг хорхой гэж нэрлээд байгаа ч үнэн хэрэгтээ амьд амьтны эд эсийг үхжүүлдэг халуун орноос гаралтай энэхүү өвчин нь халдвартай бөгөөд Арабын дүрвэгсдээр дамжин Европт халдах эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа юм. Кутаньюус лейшманиазис хэмээх нэртэй шимигчилдэг өвчний гол үүсгүүр нь халдвар авсан элсний ялааны хазалтаар дамждаг байсан бол одоо хүнээр дамжин тархаж эхэлжээ.
БиБиСи агентлагийн мэдээлснээр энэ халдварт өвчин нь хамгийн эхэлж Лалын улс бүлэглэлийн хуарангуудад үүсч гадагшаа тархсан бололтой юм. Энэ өвчний халдварыг авбал арьс үхжих, хамраас цус гарах, амьсгал хүндрэх, амны хөндий, хоолой, хамрын мөгөөрсийг идэх гэх зэрэг шинж тэмдэг илэрдэг юм байна. Курдын улаан загалмайн ажилтнууд дайны бүсэд хүрч иргэдийг эмчилж эхэлсэн орон нутгийн байдал, эм тарианы дутагдлаас болж, дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа аж.
Эмнэлгийн мэргэжилтнүүдийн олж тогтоосноор мах иддэг хорхойн тархалт хэдийнэ Сириэс хальж, Йемен, Бахрайн, Иордан, Леван тэр бүү хэл Турк улсад хүртэл тархаад байгаа аж. Тэдний таамгаар тархалт энэ байдлаараа үргэлжилбэл тун удахгүй Саудийн Араб улсад тархах магадлал тун өндөр гэнэ. Дайн улам лавширвал аймшигт өвчин Европт тархах нь ердөө л цаг хугацааны асуудал болоод байгаа юм.
эх сурвалж: zuvsongolt.mn