Өнөөдөр Улсын Дээд Шүүхээр гурван намыг бүртгэх эсэх асуудлыг авч хэлэлцсэн байна.
Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд Шүүхээр хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Хүсэлт гаргагч нь хуульд заасан шаардлагыг хангасны дараа хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ц.Нарангэрэл нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцлээ.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Ард түмний олонхийн засаглал нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан байна.
Ард түмний олонхийн засаглал нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 29 дэх нам болж байгаа юм.
Их Эв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцлээ.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Их Эв нам нь нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.
Их Эв нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 30 дахь нам болж байгаа юм.