Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас явуулсан зарим шалгалтын талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлын хэсэг 2018 оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч есөн аж ахуй нэгжийн борлуулж буй АИ-92 шатахуунаас дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ. Энэхүү шинжилгээнд:
- Шунхлай трейдинг ХХК
- Синчи ойл ХХК
- Петростар трейдинг ХХК
- Содмонгол групп ХХК
- М-Ойл групп ХХК
- Жаст-Ойл ХХК
- Магнай трейд ХХК
- Монсуль ХХК
- Ойн бирж ХХК-иудын борлуулж байгаа АИ-92 автобензин чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгажээ.
АИ-92 автобензин дэх марганецийн агууламж 0,25мг/дм куб буюу түүнээс бага байх ёстой бөгөөд эдгээр ААН-үүдийн бензинд агуулагдах марганецийн хэмжээ 0.6-0.9 мг/дм куб байгаа нь тогтоогджээ.
Хэрвээ марганецийн хэмжээ их байвал автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги буюу катализаторд муугаар нөлөөлдөг байна.
Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үздэг байна.
Тиймээс Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй есөн аж ахуй нэгжид тус бүрд нь есөн сая төгрөгийн, зохиомлоор шатахууны хомстол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ
Үүнээс гадна “Магнай трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг гаргасан байна. “Дээрх есөн аж ахуй нэгжийн борлуулж буй шатахуунд агуулагдах марганец хаана хольсныг тогтоох боломжгүй. Компаниудын өгч байгаа мэдээллээр Ростнефтийн шатахуун шинжилгээний бичигтэй ирдэг. Мөн тухайн шатахууныг гаалиар орж ирэхэд хийлгэсэн дүгнэлт нь хуульд нийцэж байгаа” гэсэн мэдээллийг ШӨХТГ-т өгсөн” хэмээн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ.