БНАКонго улсад өнгөрөгч оны 12 дугаар сард Парламентийн болон Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал нэлээд газар аваад байсан бөгөөд тэд шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл Конго Улсын Дээд шүүхээс сонгуульд ялалт байгуулсан Феликс Чисекедиг баталсан тогтоолыг гаргасан байна. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулж түүнийг дэмжигчид гудамж талбайд баяраа тэмдэглэсэн бол өрсөлдөгч Мартин Фаюулугийн тал “Шүүхийн энэ шийдвэр төрийн эргэлт хийх шалтгаан боллоо” гэж мэдэгджээ. Түүний энэхүү мэдэгдэл улстөрийн хямралыг дагуулж магадгүй гэж болгоомжлоход хүргэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилал, нийгмийн хөгжлийн төлөө холбооноос нэр дэвшигч Феликс Чисекеди 38.6 хувийн дэмжлэг авсан бол түүний гол өрсөлдөгч Сөрөг хүчний хөдөлгөөнийн нэр дэвшигч Мартин Фаюулу 34.8 хувийн санал авчээ.